Асуудал дүүрэн "Токио-2020"-ийн ээлжит дуулиан

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Асуудал дүүрэн "Токио-2020"-ийн ээлжит дуулиан

Асуудал дүүрэн "Токио-2020"-ийн ээлжит дуулиан

“Токио-2020” олимпийн наадам олон саад бартааг туулсны эцэст өнөөдөр /2021.07.23/ албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн олимпийн наадамтай холбоотой хамгийн сүүлийн дуулиан нь наадмын нээлтийн ёслолыг удирдаж буй найруулагч 1990-ээд онд хэлсэн үгнээсээ болж огцорсон явдал байв.

Олимпийн наадмын нээлтийн ёслолын найруулагч Кэнтаро Кобаяши тухайн үед холокост буюу хомроголон устгалын талаар хошигнож байсан бичлэг нь саяхан задарчээ. “Токио-2020”-ийн Зохион байгуулах хорооны дарга Сейко Хашимото энэ бичлэгийг "Түүхийн гашуун баримтуудыг доог тохуу хийлээ” хэмээн мэдэгдээд Кобаяшиг халах шийдвэр гаргаснаа зарласан байна.

Он гарснаас хойш “Токио-2020” наадмын зохион байгуулагчдаас гурван ч хүн хасагджээ. Тухайлбал:

  • Энэ долоо хоногийн эхээр олимпийн наадмын хөгжмийн зохиолч сургуульд байхдаа ангийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхсэн нь илэрсний дараа зохион байгуулагчдын багаас хасагдсан байна.
  • Өнгөрөгч гуравдугаар олимпийн наадмын ёслолын хариуцсан албан тушаалтан Хироши Сасаки хошин шогийн жүжигчин Наоми Ватанабэг гахайтай зүйрлэн хошигносон нь мөн л олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж, уучлалт гуйгаад ажлаа хүлээлгэн өгсөн юм.
  • Мөн хоёрдугаар сард Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхсан үг хэлсэн хэмээн буруутгагдаж, зохион байгуулах хорооны даргын албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй болсон. Тэрбээр эмэгтэйчүүд хэт их ярьдаг, удирдах зөвлөлд олон эмэгтэй хүмүүстэй хуралдахад хэтэрхий их цаг авдаг хэмээн ярьсан билээ.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Кобаяшигийн 23 жилийн өмнөх үйлдлийг "хэрцгий, хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж тодорхойлсон бол АНУ-д байрладаг Холокостын судалгааны байгууллагын Саймон Визентал төвийн Рабби Абрахам Купер "Аливаа хүн хэчнээн уран бүтээлч байсан ч нацистуудын геноцидын хохирогчдыг шоглох эрхгүй" гэж хэлжээ.

Кобаяши өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөхдөө "Зугаа цэнгэл, хошин шог нь хүмүүст таагүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Тэр үеийн миний үгний сонголт буруу байсныг ойлгож, харамсч байна" гэж мэдэгдсэн байна.

Олимпийн байгуулах хорооны дарга Сейко Хашимото Кобаяашиг томилохдоо түүний 23 жилийн өмнөх “алдаа”-ны талаар мэдээгүй байсан гэдгээ мэдэгдээд "Олимпийн наадамд оролцож буй хүмүүс, Токио хотын иргэд болон Японы олон нийтэд санаа зовоосон асуудал болсонд уучлалт гуйж байна” хэмээн мэдэгджээ.

Хэдий янз бүрийн шалтгаанаар зохион байгуулах хорооны гишүүд огцорч, солигдсон ч наадам хэвийн үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд сануулсан байна. Covid-19-ийн дэгдэлтийн эрсдэлийг багасгахын тулд энэ удаагийн олимпийн наадамд ердөө 950 зочид төлөөлөгчийн оролцуулж байна. Мөн олимпийн наадмын ихэнх арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн хэрэв үнэхээр нөхцөл байдал хүндэрч, олимпийн наадмаас үүдэн цар тахлын дэгдэлт даамжирвал тус наадмыг хэзээ ч хамаагүй цуцлахад бэлэн байгаагаа “Токио- 2020” Олимпийн хорооны тэргүүн саяхан мэдэгдсэн.

Саяхан явуулсан санал асуулгаар японы иргэдийн 55 орчим хувь олимпийн наадам цар тахлын дэгдэлтийг огцом нэмэгдүүлж магадгүй гэж болгоомжилж, олимпийг зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Одоогоор олимпийн наадмыг зохион байгуулагчид болон тамирчид зэрэг олон арван хүнээс халдвар илрээд байгаа билээ. Халдвар илэрсэн тамирчид харамсалтайгаар тэмцээнээс хасагдаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гребесесус зохион байгуулагчдад "Ямар ч эрсдэлгүй" наадам зохион байгуулах боломжгүйг онцлоод "Хамгийн сайн ажиллаж байна" хэмээн баяр хүргэжээ.

Тэрбээр “Ирэх 14 хоногт ямар ч халдвар илрэхгүй байх боломжгүй. Хамгийн гол нь халдварын тохиолдлыг аль болох хурдан илрүүлж, тусгаарлах арга хэмжээг авах нь зүйтэй” гэж хэлсэн байна.

“Токио-2020” зуны олимпийн наадмыг иргэд олон нийт хүчтэй эсэргүүцэж байгаагаас үүдэн тус наадмын гол ивээн тэтгэгчид болох “Тоёота”, “Панасоник” зэрэг Японы томоохон корпорациуд тус наадмыг ивээн тэтгэхээс татгалзсан. Түүнчлэн олимпийн наадмын гол цэнгэлдэхэд бэлгийн хүчирхийлллийн хэрэг гарсан мэдээ шуугиан дэгдээсэн. Мөн тус улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо цар тахлын үед зохион байгуулж буй олимпийн наадмыг энгийн иргэд үзэх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлээд, нээлтийн ёслолд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзэн оролцохоос татгалжээ.

Энэ мэтчилэн олон саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа олимпийн наадам Лхагва гаригт софтболын тэмцээнээр албан бусаар эхэлж, тэмцээнд талбайн эзэд хожсон билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж