"Токио-2020" олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээнэ | News.MN

"Токио-2020" олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээнэ

"Токио-2020" олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээнэ

"Токио-2020" олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээнэ

Зуны 32 дахь олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр/2021.07.23/ 19.00 цагт эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө "Токио- 2020"-ийн нээлтийг хүлээн суугаа. Наадмын нээлт гэдэг бол зохион байгуулагч орон өөрсдийнхөө түүх соёлыг дэлхийн дахинд сурталчлах, баг тамирчдаараа гангарах, улс үндэстнүүдийн төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулах гайхалтай боломж.

ХҮЛЭЭЛТЭЭС ДАВАХ УУ?

Өнгөрөгч 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийг Хятадын алдарт кино найруулагч Чжан Имоу найруулж, дөрвөн цагийн үзүүлбэрт, 15 мянган уран бүтээлч оролцож, 100 сая ам.доллараар бүтэж байсан түүхтэй. Үүний дараа 2012 онд Академийн шагналт найруулагч Данни Бойл Лондонгийн олимпийг найруулж, Дэвид Бекхем, Английн алдарт хоёр давхар улаан автобусыг бүтээлдээ тусгаснаас гадна Хатан хаан II Элизабет хүртэл Жэймс Бондтой хамт нисдэг тэрэгнээс үсэрч байв. Тэгвэл 2016 оны олимпийн наадам харьцангуй Бразил улсын ёс, зан заншлыг харуулж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал чиглэлээр нээлтээ хийсэн. Харин одоо Токио дэлхийн дахинд шоугаа толилуулах цаг ирлээ. Өмнөх шиг цэнгэлдэх дүүрэн үзэгч байхгүй учир тамирчид хоосон талбайд жагсч, уран бүтээлчид хоосон газар тоглолтоо хийнэ.

"Токио-2020" зохион байгуулах хорооны ёслолын ажиллагааны гүйцэтгэх продюсер Такаюки Хиоки ярихдаа “Олимпийн наадам хойшилсон учир бид нээлтийн үйл ажиллагаагаа хялбарчлах болсон нь хамгийн хэцүү хэсэг нь байлаа. Бид ч үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа эрс шинэчлэх шаардлагатай болсон. Бараг таван жил төлөвлөсөн зүйлээ дахин шинэчлэх хэрэгтэй болсон л доо. Энэ л хамгийн том сорилт байлаа” гэжээ.

Цар тахлын улмаас олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд зөвхөн сонгогдсон албан тушаалтнууд, эрхмүүд оролцоно.

Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Хидэмаса Накамүрагийн хэлснээр 950 гаруй тусгай зочид өнөөдрийн үйл ажиллагаанд оролцох аж. Тэдний 800 нь гадны зочид бол 150 нь япончууд байх гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ удаагийн олимпийн нээлтэд Японы уран бүтээлчид болох Сэйгэн Токүзава, Марихико Хара, Маяасүки Кагэй болон комедигийн хослол Хиро-Пон нар оролцох ажээ.

Японы эзэн хаан Нарүхито гэр бүлээ төлөөлөн ганцаараа олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үйл ажиллагааг “Баяр баясгалан, тайвшрал” авчирна гэж итгэж байна. Тэрбээр ярихдаа “Цэнгэлдэх рүү орох мөчид баяр баясгалан, тайвшрал мэдэрнэ гэж бодож байна. Тамирчид ч гэсэн энэ мөчийг хичнээн их хүсч байгааг би мэднэ. Тэд эцсийн эцэст энэ мөчийг мэдэрч чадахаар боллоо. Олимпийн наадмын нээлтэд оролцохын тулд амаргүй зүйлсийг давлаа” гэв.

Covid-19-ийн халдварын тохиолдол Токиод нэмэгдэж байгаа учир Тоёотагийн ерөнхийлөгч Акио Тоёода, Японы бизнесийн холбооны тэргүүн Масаказү Токүра, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мү Жэ Ин, Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо гэх зэрэг хүмүүс улс оронд нь Covid-19-ийн нөхцөл байдал хүндэрч байхад оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийнхөө оронд эхнэр Жилл Байденаа илгээжээ. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар нээлтэд оролцохоор Токиод ирээд байна.

Токиогийн олимпийн нээлтийн үйл ажиллагааны ерөнхий продюссероор ажиллаж байсан, өдгөө ахлах зөвлөх хийж буй Марко Балич хэвлэлд өгсөн ярилцлагадаа нээлтийг “тайвшрал” авчирна хэмээжээ.

Баг тамирчид эхнээсээ олимпийн нээлтэд оролцох гишүүдийнхээ тоог зарлаад эхэлжээ.

Өмнөд Солонгос

  • Олимпийн нээлтэд – 26 тамирчин
  • Туг баригч – Хван Сүн Вү, Ким Ён Күг
  • Багийн нийт гишүүдийн тоо – 354 (Үүний 232 нь тамирчин)

Канад

  • Олимпийн нээлтэд – 30-40 тамирчин
  • Туг баригч – Миранда Айм, Натан Хираяама
  • Багийн нийт гишүүдийн тоо – 370

Энэтхэг

  • Олимпийн нээлтэд – 50 тамирчин болон албаныхан
  • Нийт гишүүдийн тоо – 228 (Үүний 119 нь тамирчин)

Австрали

  • Олимпийн нээлтэд – 50 тамирчин болон албаныхан
  • Нийт гишүүдийн тоо – 472

Харин Монгол Улсаас энэ долоо хоногт 72 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлжийн баг тамирчид Токиог зорьсон. Үүний 33 нь тамирчид болон дасгалжуулагчид байжээ. Харин нэгдүгээр ээлжинд бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчид явсан. Монголын олимпийн туг баригчдаар жүдогийн тамирчин, МУГТ Ө.Дүүрэнбаяр болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар сонгогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-23 202.21.100.210

Жиргаж үзиииие

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж