"Хүн эрсдэлээс илүү кайфыг мэдэрч түүндээ шунан дурладаг"

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

"Хүн эрсдэлээс илүү кайфыг мэдэрч түүндээ шунан дурладаг"

"Хүн эрсдэлээс илүү кайфыг мэдэрч түүндээ шунан дурладаг"

Аялал гэдэг хүний нүд, сэтгэлийг зэрэг баясгадаг гайхалтай зүйл. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагын зочноор аялагч Б.Паахүүтэй эх орондоо сонирхолтой экстрем аялал хэрхэн хийдэг талаар ярилцлаа.


-Аялагч хүн соргог, хэрсүү байдаг гэдэг. Хамгийн анхны аяллын дурсамжаас яриагаа эхлүүлье?

-Би аялал жуулчлалын ангид оюутан болж ороод зохион байгуулалттай аялалд анх удаагаа хамрагдаж байсан. Тухайн аялалд Улаанбаатараас дөрвөн автомашинаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан руу хөдөлсөн. Зүг зүгийн хүмүүс нэгдэж аялсан болохоор хэн нь түрүүлж ямар сэдвээр ярих бол гэдгээ хүлээж эхэндээ чимээгүй явцгааж, удсан ч үгүй бүгд хоорондоо танилцаж, ярианы сэдвүүд нэмэгдсээр, хэзээний танилууд шиг харилцаа үүсгэсэн. Удалгүй “төөрчихлөө” гэх яриа гарч, манай машин бусад машинаасаа хоцорч үлдсэн байсныг мэдсэн. Тухайн үед би чинь аяллын туршлага нимгэн байсан болохоор хий дэмий л санаа зовж, очих ёстой газрын нэрээ давтаж хэлсээр явсан. Гэтэл цүнхэндээ шинээр авсан аяллын авто замын газрын зураг хийсэн гэдгээ санаж, өнөөх газраа хайж олоод, замын мэдээллээ төвөггүй уншиж чадсаны ачаар удаан төөрөөгүй. Аялалд газрын зураг хамгийн чухал зүйл гэдгийг тэр үед ойлгож авсан.

Хамгийн дурсамжтай санагдаж байгаа нь бид машинд явж байхдаа ярьсан сэдвээс дүгнэхэд бүгд л төөрдөг төрлийн хүмүүс байсан. Тухайн аялал миний аялагчийн гараа болж байснаар зогсохгүй, тэр аяллыг зохион байгуулдаг газар ус нь үргэлж надад үр өгөөжөө өгч байдагт нь туйлын их бэлгэшээдэг.

-Аялагчаас гадна ямар ажил мэргэжилтэй вэ. Бидэнд өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Намайг Бэхбаатарын Паахүү гэдэг. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул. Ахлах сургуулиа төгсөөд аялал жуулчлалын салбарыг сонгон, мэргэжил эзэмшиж гүнзгийрүүлэн магистрын зэрэг горилон суралцаж байна. Тиймээс ч энэ салбартаа хайртай, сонирхолтой болохоор өөрөө аялагч нь болж, бусдыг уриалан хөтөлж, салбараа таниулж,  мэдрүүлэхийг хүсдэг. Мөн нэг ч гэсэн хүн эх орноороо аялж, аялал болгоноосоо эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, эх оронч үзэл сууж, өөрийн биеэр биет болон биет бус өвийн тээгч нь болж, үр хүүхдэдээ залгамжлуулаасай гэж хүсдэг. “Амар” спорт кэмпийн гүйцэтгэх захирлаар аялал жуулчлалынхаа салбарт хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа.

-Ажлын хажуугаар аялахдаа төлөвлөгөөгөө нарийн гаргадаг байх. Бас экстрем аяллын цахим хуудас ажиллуулдаг гэсэн үү?

-Нэг сайн аяллын ард 1000 ажил төлөвлөгддөг гэдэг томьёолол байдаг. Тэр тусмаа одоогийн аялагчдын чиг хандлага илүү адал явдал эрэлхийлдэг болсон. Далай дээр очоод зүгээр л үзээд буцах биш, шумбадаг ч юм уу, гулгадаг ч юм уу аль болох биеэсээ адерналин ялгаруулах сонирхолтой болж байгаа. Тэгэхээр экстрем аялал буюу адал явдалт аялал сонирхогчдын аялал биеийн болоод сэтгэл зүйн, багаж хэрэгслийн гээд илүү их бэлтгэл ажлыг шаарддаг. Хэрэв чухал зүйлийнхээ нэгийг л орхивол тухайн аялагчийн эрүүл мэнд, амь настай хамааралтай асуудал үүснэ. Тиймээс өөрийн болоод багийнхаа аюулгүй байдлыг бодолцож, бэлтгэл ажлын жагсаалтаа сайн боловсруулах ёстой.

Сонирхлынхоо дагуу бусдад бага ч гэсэн ойлголт, төсөөлөл өгч, цаашлаад аялах сэдлийг нь төрүүлж, тухайн аяллын төрлөөр хичээллэж байгаа хүмүүст хэрэгтэй зөвлөгөөг хүргэх үүднээс “Монголын экстрем аялал сонирхогчид” гэдэг групп хөгжүүлж сонирхол нэгт хүмүүстэйгээ байнгын холбоотой байж чаддагтаа баярладаг. Энэ групп бол зөвхөн минийх биш, хүмүүсийн туршлага солилцох, мэдлэг болон мэдээлэл авах, сонирхлоо хөгжүүлэх, сонирхол нэгт хамт олонтой болох нээлттэй талбар.

“АЯЛЛЫН САЛБАРТ ХАЙРТАЙ БОЛОХООР ХҮМҮҮСТ ТАНИУЛЖ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ”

-Хүмүүс тэр бүр экстрем төрлийг сонирхдоггүй. Жирийн байгальд амарч зугаалах, экстрем аялал хийхийн ялгаа гэвэл?

-Хүн эрсдэлээс илүү их кайфыг мэдэрч түүндээ шунан дурладаг. Өөрийгөө сорих, амьдралын үнэ цэнэ, кайфыг мэдрэх, өөрийгөө ялан дийлэх сонирхолтой бүлэг хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн сэтгэл зүй л ялгаатай. Экстрем аяллын давуу талуудаас дурдвал хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ямар энгийн амьдарч байсныг ойлгуулна. Мөн айдас, эрсдэлийг даван туулж чадсанаараа тэр мэдрэмжийг ахин дахин авахыг хүсч, адал явдалт аялалд дурлаж эхэлнэ. Ингэснээр биеийн болоод сэтгэлийн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирхаас гадна хурдан хугацаанд шийдвэр гаргадаг болох давуу талтай.

-Зарим хүн залуудаа л аливааг туршиж, адал явдал хайх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгвэл тантай хамт экстрем аялалд явж байсан хамгийн бага болоод өндөр настай хүмүүсийн талаар дурсамжаас хуваалцахгүй юу?

-Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай Таван богдын Хүйтэн оргилд гарах авиралтад есөн настай Ш.Яруу-Эгшиглэн гэдэг охин явсан. Өмнө нь хамгийн залуу авирагчаар 12 настай хүү тодорч байсныг бид эвдэж түүхэн гэрч болсон. Харин хамгийн ахимаг настай хүн гэвэл 1960-аад оны ах эгч нар өөрсдийгөө “Бид болоогүй байгаа шүү” гэдгээ мэдрүүлж байгаа мэт санагддаг. Рафтингийн завьтай аялалд түлхүү оролцдог. Экстрем аяллын ямар ч төрлүүдийг сонгоход нас биш биеийн болоод сэтгэл зүйн хүч.

-Аялахаар эх орноороо бахархах, омогших сэтгэгдэл хэр төрдөг вэ. Нэг очсон газартаа дахин очсон ч тэр мэдрэмж хэвээр байдаг уу?

-Та хэн нэгэнтэй танилцаад, удаан харилцааны үр дүнд маш сайн ойлгодог хүн нь болдогтой яг ижил. Эх орноороо аялах тусам, сайн мууг нь мэдэх тусам та тусгаар тогтносон улсын иргэн байх үнэ цэнийг мэдэрч, түүхээ судалж, илүү ихийг мэдрэх, үзэх, сонсох, харах, амтлах шуналд хөтлөгдөх болно.

Тэр тусмаа миний хувьд өндөр уулын оргилд гараад эх орноо харах яг тэр мэдрэмжийг өөр хаанаас ч авч чаддаггүй. Яг тэр газраа ахин зорьж очиход өмнө очоод олж авсан мэдлэг, мэдрэмжээс илүүг ахиад нэмж авч чаддаг. Тэгэхлээр Монгол орны түүх, соёл ямар дуусашгүй юм бэ гэдгийг харуулдаг болов уу. Тиймдээ ч аялал бол ханадаг биш шунадаг мэдрэмж мөн гэдгийг хэлэх дуртай.

-Хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай аяллыг онцолбол?

-Хамгийн дурсамжтай гэдгийг би хамгийн их зүйл ойлгож авсан аялал гэж тооцдог. Тэр аяллууд бол Хүйтний оргилд гараад цаашаа харах мөч, Хөвсгөлийн Мөнх сарьдагт гараад цаашаа харах мөч хоёр л хамгийн их зүйл бодогдуулсан.

-Экстрем аяллын үеэр бэртэж, гэмтэх тохиолдол хэр гардаг вэ. Шантарч замаасаа буцаж байв уу?

-Эхлээд хичээллэж эхэлсэн. Одоо харин үндсэн ажлынхаа хажуугаар экстрем аяллыг бусдад санал болгодог, тэдэнд кайфыг мэдрүүлэхийг хүсдэг “Шарк трэйвл” экстрем аяллын компанид хөтөч хийдэг. Анх хичээллэж эхлэх үеэсээ л мэргэжлийн хүнтэй нь холбогдож, заавар зөвлөгөөг нь дагаж, дараа нь дүрэм журмыг нь судалж, яг шат дарааллын дагуу явсан болохоор ч тэр үү хүнд бэртэл гэмтэл авч байгаагүй. Үе мултрах, толгой хөдлөх, арьс урагдах тохиолдлууд бол гарч байсан. Хүн хүсвэл өөрийгөө ч иддэг гэдэг шиг би энэ спортод хайртай болохоор тэр зэргийн бэртэл гэмтлүүдийг шалгалт, шалгуур гэдэг өнцгөөс хардаг.

-Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид олширч байна. Эдгээр аялагчдын хувьд зөв боловсон байгалиа хамгаалж, сонирхолтой аялж чадаж байна уу. Юун дээр анхаармаар санагддаг вэ?

-Цар тахал дотоодын аялал жуулчлалд маш хүчтэй нөлөөллөө. Миний бодлоор насны хувьд залуу хүмүүс харьцангуй илүү зөв боловсон аялж, байгалиа хамгаалж байна. Гэхдээ ахимаг насныхан огт хайрлахгүй байна гэсэн үг биш. Машинд багтаж ирсэн ачаа хог болсон ч машиндаа багтаагаад л буцааж авч явах ёстой. Аялж яваа газраа бусдад саад болохгүйгээр соёлтой аялах хэрэгтэй. Аялагчдаас гадна аль ч шатны үйлчилгээний байгууллага мөн чанаржих, үйлчилгээгээ маш сайн үзүүлэх нь чухал. Ингэж байж харилцан бие биенээ ойлгож, соёлууд бие биенээ хүлээн зөвшөөрч, нутгийн иргэдэд ч давуу тал үүсэх маш олон сайн талтай гэж харж байна.

-Аялалд гарна, хөдөө явна гэхээр нь машин дүүрэн хүнс ачаад л гардаг. Аялагч хүн аялалд гарахын өмнө бэлтгэлээ хэрхэн хангах ёстой вэ?

-Агаар салхинд гаръя гэж яваад түм түжгэнэсэн, дуу чимээтэй, эсвэл замын хавчиг зайд буучихсан юун агаар, шороогоор амьсгалаад байж байгаа харагддаг тохиолдол олон. Амрах газраа очиход эрчүүд майхан сав барих, юм зөөх ажил дээрээ оногдоно. Харин эмэгтэйчүүд ахиад л гэртээ ажилладаг шигээ хоол ундныхаа ажилд орж эхэлнэ. Энэ бол нийтлэг анзаарагддаг хэлбэр.

Үүний оронд очих газраа очоод амраад авдаг, хоол нь цагтаа бэлэн, есөн бусын хүмүүс ойр орчимд огт байхгүй, шороо босч, агаар муухай болохгүй эрүүл хөрстэй гэх мэт үйлчилгээг шууд авдаг үйлчилгээний байгууллагаар дамжуулан аялахыг зөвлөмөөр байна. Муугаар бодоод аваар осол гарлаа гэхэд та нар хохирлоо бүрэн үүрээд л, хохироод үлдэнэ. Албан ёсны байгууллагаар үйлчлүүлбэл харин буух эзэн, буцах хаягтай байдаг.

-Зарим хүн ганцаараа аялахыг хүсдэг учраас аяллын хөтөлбөрт хамрагддаг. Танихгүй хүмүүстэй аялалд гарах нь ямар давуу, сул талтай санагддаг вэ?

-Тийм шүү. Нэг найзтайгаа хамт аялалд явбал тухайн найзтайгаа л юм ярьсаар байгаад буцаад ирдэг. Бусдыг хүрээлэлдээ оруулалгүй шууд хаалт тавьчихдаг гэсэн үг. Харин ганцаараа аялбал аяллын багийнхаа гишүүдтэй хамт олон болоод авдаг. Танихгүй хүмүүстэй аялалд гарахын давуу тал бол бүгдтэй нь нээлттэй байж чаддаг, шинэ танил чинь цаашдын амьдралын найз ч болж үлдэх өндөр магадлалтай. Харин сул тал бол аяллын хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол эхлээд тухайн аяллыг зохион байгуулж буй компани, эсвэл хувь хүнийг судлан үзэх нь чухал. Ингэснээр аяллын үед үүсч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.

Танихгүй 20 өөр зан араншинтай хүнийг хүлээн өөрийгөө хянах нь чухал. Гагцхүү тэр дээр ямар гаргалгаа гаргаж чадахаа л тооцоолох нь чухал. Бас нэгэн том сул тал бол та хууч өвчтэй юм уу, ямар нэгэн байдлаар гэнэт биед өөрчлөлт өгдөг бие махбодтой бол урьдчилан аяллын зохион байгуулагчид, эсвэл хөтөчд заавал мэдэгдэх хэрэгтэй байдаг.

-Энэ зуны аяллын маршрутаа танилцуулж болох уу. Цахим хуудсыг нь дагадаг олон хүн хамт аялалд явах боломжтой эсэхийг сонирхож байгаа байх?

-Богино зайн өдрийн болон хоногийн аяллууд гаргахаар төлөвлөсөн. Ойрын аялал гэвэл долдугаар сарын 26-27 нд явагдах хоногийн, майхантай, явган аялал байгаа. Мөн тун удахгүй Хагийн хар нуур руу морин аялал хийхээр төлөвлөөд байна. Аяллын мэдээлэл цахим хуудаст маань тогтмол орж байгаа. Манай “Амар” кэмп амралт, спорт гэдгийг ойлгож, мэдрэхийг хүссэн хүн бүрд  нээлттэй.

-Дараа дараагийн удаа адал явдлыг эрэлхийлж гэр бүлээрээ болон ганцаараа аялах хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэргэжлийн байгууллага болон туршлагатай хүнтэй холбогдож үйлчлүүлээрэй. Аялалд  таны тарган, туранхай, нас, хүйс нөлөөлөхгүй. Гол нь сэтгэлээ бэлдээд л шууд эхэл. Адал явдалт спорт аялал таны амь настай шууд холбоотой учир оролцохдоо аюулгүй байдлын зөвлөмж, заавар, бэхэлгээг заавал сонсож, шалгаж, дагаж мөрдөхийг хүсье. Мөн бие даан аялах гэж байгаа бол бэлтгэл ажлын жагсаалтаа тодорхой гаргаж, тухтай, аюулгүй, дурсамжтай явахыг хичээгээрэй. Хүний үгээр явж байгаад алдвал энэ чиний алдаа биш хүний алдаа байх болно. Тиймээс аялахаар төлөвлөсөн хүн бүр хувийн бэлтгэлээ сайтар хангасан байх нь чухал шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж