Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг хориглосон. Гэвч уяачид, бөхчүүдийн зүгээс наадмыг цар тахлын халдвар буурсны дараа зохион байгуулахыг шаардаж, уяачид нь Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хүртэл хийсэн. Гэвч Засгийн газар шийдвэртээ бат зогсч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулаагүй.
- 2021.07.02. Засгийн газар Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулав.
- 2021.07.20. Засгийн газар Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохиох чиглэлийг Улсын онцгой комисст өгөв.
Ийн шийдвэрүүд гарсан учраас уяачид, УИХ-ын уяач гишүүд, сайд нарын зүгээс бүсийн уралдаануудыг зохион байгуулахыг шаардаж, Засгийн газар, Улсын онцгой комисст лобби хийж эхэлсэн байна. Тэдний зүгээс бүсийн уралдааныг орон нутагт зохион байгуулж, задгай орчинд халдвар тараахгүй гэж үзэж байгаа гэнэ.
Гэвч Монгол Улсад маш богино хугацаанд тархах чадвартай, хүндрэл үүсгэж буй Дельта вирусийн халдвар нийтийн дундаас илэрсэн энэ цаг үед бүсийн уралдааныг зохион байгуулах боломжгүй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын онцгой комисс /УОК/-ын зүгээс үзэж байгаа юм байна.
Уяач УИХ-ын гишүүд, сайд нарын зүгээс өчигдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанд бүсийн уралдаан зохион байгуулах саналыг оруулсан ч Шадар сайд С.Амарсайхан уралдаан зохион байгуулах үндэслэл, журам нь тодорхой судалгаа, үндэслэлгүй байна хэмээн саналыг нь буцаажээ. Энэхүү саналыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “гардаж” хийж байгаа гэх албан бус мэдээлэл ч байна. Тэдний зүгээс өнөөдөр мөн Улсын онцгой комисст хандахаар болсон бөгөөд бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргуулахаар зүтгэж байгаа гэнэ. Засгийн газарт З.Мэндсайхан сайдаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч бүсийн уралдаан зохион байгуулахыг дэмжиж байгаа гэх мэдээлэл байна.
Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэр гарахаас өмнө Х.Болорчулуун тэргүүтэй уяач гишүүд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих” ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргаж байсан удаатай. Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд ч бичиг хүргүүлж амжсан юм.
Монгол Улсын хэмжээнд Тод манлай уяач 47, Манлай уяач 77, Алдарт уяач 166, нийслэлийн Алдарт уяач найм, аймгийн Алдарт уяач 824, сумын Алдарт уяач 469 /Эх сурвалж: Тод магнай сайт/ байдаг аж. Харин тус сайтад албан ёсоор бүртгэлтэй 77 унаач хүүхэд байдаг гэжээ.
Уяачид нь УИХ-ын гишүүд, зарим сайд нартайгаа нэгдээд бүсийн уралдааныг ч хамаагүй зохион байгуулахаар улайрч, лоббидож явна. Гэхдээ хурдан морины уралдааныг зохион байгуулбал ямар ч вакцингүй хүүхдүүд унана, олон нийтийн дунд Дельта хувилбар тарчихсан гэх мэтчилэн олон асуудал бий. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр заавал морь уралдуулж, хүүхдүүдийг эрсдэлд оруулах ямар сонирхол уяачдад байна вэ. Ерөнхий сайд намын даргынхаа эсрэг, эрүүл мэндийн салбарынхны эсрэг ингэтлээ улайрах нь ямар ашиг сонирхол байна вэ. Дэлхийн олон улс орнууд томоохон тэмцээн уралдаануудаа цуцалж, цар тахлын өмнө сөхөрч байхад унаач хүүхдийн эрсдэл, амь насыг ч хамгаалах сонирхол уяачдад алга гэж үү, эрхэм уяачдаа!
Сонирхуулахад, энэ парламентад Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Ц.Туваан, Г.Тэмүүлэн аймгийн алдарт уяач Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын уяачид байдаг бол Засгийн газрын гишүүдээс Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан уяач юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ