“Бүх айлын захиалгыг м.кв нь 2.7 сая болгож нэмэгдүүлээгүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

“Бүх айлын захиалгыг м.кв нь 2.7 сая болгож нэмэгдүүлээгүй”

Цар тахлын улмаас барилгын салбар хүнд цохилтод орж, бүтээн байгуулалт “царцах”-ад хүрч байна. Хилийн хориг, хүний нөөцийн хомстол, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасрах зэрэг олон  шалтгаанаас болж  “тэг” зогссон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр бүтээн байгуулалтын улиралд ажил “буцалж” байх ёстой ч хилийн цаана овоорсон ачаа тээврийн гацалтаас үүдэн барааны үнэ тэнгэрт хадсан төдийгүй нийлүүлэлт тасарсан болохыг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байна. Үүнээс болж барилгын ажил царцаж улмаар алдагдалд орсон төдийгүй захиалагчдын хооронд ч бас үл ойлголцол үүсчээ.

Тодруулбал, Тайгам-Алтай ХХК-ийн зүгээс барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулж, м.кв-ын үнээ тодорхой хэмжээгээр нэмэхээр болсныг мэдэгдсэн. Гэвч захиалагч нарын хооронд ойлголтын зөрүү үүсээд байгаа аж.

Энэ талаар тус компанийн зүгээс “Цар тахлын улмаас нөхцөл байдал хүндхэн байгааг бүгд л мэднэ. Хүн бүрийн өрхийн орлого харилцан адилгүй. Зарим нь тогтмол цалинтай байхад орлого нь тасалдсан нь ч бий. Айлаар зүйрлэвэл манай барилгын компани ч бас цар тахлын нөлөөгөөр бүтэн хоёр жил гаруйн хугацаанд алдагдал хүлээлээ. Эдийн засгийн хүндхэн байдалд орлоо.

Тиймээс бид захиалагч нартаа хандаж “Бид эдийн засгийн хүндрэлийн 70 хувийг үүрье. Та манай компанид захиалга өгч, гэрээ байгуулсан ч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол 30 хувийнхаа эрсдэлийг үүрье” гэдэг л хүсэлт тавьж захиалагч нартайгаа харилцан ойлголцож тохирохыг л хүсч байна.

Цар тахал дэгдсэн цагаас хойш хоёр жил гаруйн  хугацаанд барилгын компани захиалагч нар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байсан ч бид 100 хувь хариуцлагаа үүрч байсан ч эдийн засаг хүндэрч байна. Бид дахин 100 хувь хариуцлагаа хүлээх чадамжгүй болж байна. Тиймээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь орон сууцны гэрээгээ зөрчсөн, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй айлуудтай харилцан тохиролцох санал гаргаж байгаа юм. Харин зарим хэвлэлд мэдээлсэн шиг айл бүрт м.кв нь 2.7 сая төгрөгөөр нэмэгдэж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл юм. Өнөөдрийн зах зээлийн борлуулалтын ханш 2.7 сая төгрөг байна гэдгийг хэлсэн” гэх тайлбарыг өгч байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус компанийн удирдлага Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууц өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй болохыг захиалагч нар шүүмжилж байна. Ямар шалтгаанаар барилга царцсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Цар тахал дэгдэхээс өмнө манай компани 2020 онд орон сууцны дөрөвдүгээр ээлжийг ашиглалтад оруулах нөхцөлөөр 2018 онд захиалга авч эхэлсэн юм. Захиалга авснаас хойш 2018-2019 онд барилгын сууриа цутгасан байсан. Хэрэв цар тахал дэгдээгүй, хил хаагдаагүй хэвийн горимоор үргэлжилсэн бол төлөвлөсөн хугацаандаа барилга ашиглалтад орох байсан. Их удлаа гэхэд энэ жилийн өвөл гэхэд бүх айл ороод жигдрэх байсан.

Цар тахлаас өмнө зөвхөн манай компани ч биш барилгын салбарынхан урд хөршөөс бүх тоног төхөөрөмжөө худалдаж авсан байтал 2020 онд Covid-19 дэгдэж, БНХАУ-ын мэргэжилтнүүд ажиллах боломжгүй болсон. Дээр нь цементийн үйлдвэрүүд зогсонги байдалд орсон.

Хэдийгээр өнгөрсөн жил дотоодод халдвар бүртгэгдээгүй ч цементийн нийлүүлэлт үнийн өсөлтөөс л анхны хүндрэл үүссэн. Хөндлөнгөөс харахад барилгын ажил царцаад байгаа нь улирлын чанар, цар тахлын хүндрэлтэй салшгүй холбоотой. Одоо ч хилийн боомтуудын нөхцөл байдал сайжирч байгааг эрх баригчид мэдээлж байгаа ч барилгын материал алга. Бид өндөр үнэтэй байсан ч хамаагүй барилгын материалаа татаж авахыг зорьж байна. Гэвч хил дээр ачаа бараа нь овоорсон хэвээрээ л. Энэ хэрээр үнэ өссөөр байгаа нь бидэнд ч бас хүндхэн цохилт болж байна.

Барилгын материалын үнэ өсөхийн хэрээр орон сууцны үнэ ч бас дагаад нэмэгдэж байна. Танай компанийн зүгээс яагаад захиалагч нарынхаа гэрээнд өөрчлөлт оруулахаар болов.  Компани болон захиалагч нарын хооронд ойлголтын зөрүү үүссэн нь ямар шалтгаантай вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компани 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын үед ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцлагаа өөрсдөө үүрч 100 хувь алдагдал хүлээж, эрсдэлээ дааж байна. Энэ ч үүднээс орон сууцныхаа м.кв-ын үнийн дүнд өөрчлөлт оруулаагүй. Өнөөдрийн нөхцөлд бид алдагдлаа хүлээж дийлэх боломжгүй болж байна.

Ачаа тээврийн үнийн өсөлтөөс гадна банкны өндөр хүү төлдөг. Дээр нь цар тахлын улмаас захиалагч нар гэрээгээ зөрчиж төлбөрийн хугацаа хэтэрсэн. Хувь хүн төдийгүй компани ч бас санхүүгийн хүндрэлд орсон учраас төлбөрийн хугацаа хэтрүүлж байгаа захиалагч нарынхаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, харилцан тохиролцох санал дэвшүүлж байгаа юм. Тиймээс биш барилгын материалын үнэ өслөө гээд бид ашиг харж орон сууцныхаа үнийг нэмээгүй.

Өөрөөр хэлбэл, иргэд  орон сууц захиалахдаа харилцан адилгүй мөнгөө төлсөн байгаа.  Жишээ нь  иргэн Б нь 100 саяын байр  тухайн үед м.кв нь 2 сая төгрөгөөр тооцож  50 м.кв байр захиалсан. Үүнээс  50 сая төгрөгөө төлсөн  бол  үлдэгдэл м.кв -ын үнээ өнөөгийн зах зээлийн ханшаар тооцож төлөхөөр болж байна гэсэн үг.

Эдийн засгийн хүндрэлийг компани 70 хувь хариуцлага хүлээж төлбөрөө хугацаанд нь төлөөгүй захиалагч нар 30 хувийн эрсдэлээ үүрье гэдгийг хэлж байгаа юм. Нийт 250 гаруй захиалагчийн маш бага хувь нь л төлбөрөө хугацаанд нь өндөр дүнтэй төлсөн байна. Үлдсэн нь бага дүнтэй, хугацаа хэтрэлтэй  байна.

Зөвхөн танай компани орон сууцныхаа үнийг нэмсэн үү. Бусад компаниудын орон сууцны үнэ ханш ямар байна вэ?

-Зөвхөн манай компани ч биш бусад барилгын компаниуд ч бас үнээ нэмсэн. Барилгын ажил нь хавар эхэлсэн орон сууцны үнэ зарим нь м.кв 3 сая хүртэл төгрөгийн үнэтэй байна.  Бид өмнө нь хямд үнийн дүнтэй гэрээ байгуулсан учраас одоо багахан л нэмэгдэл оруулж байгаа юм. Үүнээс ч өөр арга алга. Тиймээс одоо төлбөрийнхөө нөхцөлтэй уялдуулан үнийн нэмэлтэд захиалагч нартайгаа тохирч, хүн бүртэй уулзана. Олон нийтэд манай компани л үнээ нэмсэн мэт харагдаж байгаа нь бид олон харилцагчтай, барилгын цар хүрээ нь том учраас хүмүүс мэдэж байгаа юм. Тиймээс биш 70, 80 айлын орон сууцны захиалга авч буй компаниуд бодит байдал дээр үнээ нэмээд л захиалгаа авч байгаа нь нууц биш.

Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй ч дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууцны захиалга гэхээр залилан байх вий гэх болгоомжлол ч иргэдэд байдаг?

-Бид аль болох олон хүнийг л орон сууцтай болгоё гэж зорьж байгаа юм. Гэтэл зарим хэвлэл манай компани залилангийн үйл ажиллагаа явуулдаг мэтээр харлуулж байна.

Цар тахлын нөлөөгөөр танай компани хэр их алдагдал хүлээв?

-Цар тахлын улмаас  бид өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 10 гаруй тэрбумын алдагдал хүлээсэн. Хэдийгээр захиалагч нар жил түрээсийн байраар явж байгааг бид ойлгож байгаа ч дийлэнх хариуцлагыг компани хүлээж байгааг захиалагч нар маань ч бас ойлгоосой гэж хүсье.

Нөгөөтэйгүүр, хилийн цаана ачаа бараа овоорсон нь барилгын материалын үнийг хөөрөгдүүлж байна. Жишээ нь, гадна фасадны хөөс м куб нь 120 мянган төгрөгөөр авч байсан ч үнэ нь өсч 220 мянган төгрөг болсон. Нэмэгдсэн үнээр авъя гэсэн ч бүтэн сарын хугацаанд нэг ч ширхэг хөөс  алга.

Приус олдохгүй, палкны үнэ 30 мянган төгрөгөөс 80 мянга болж нэмэгдсэн.  Олдохгүй байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал нь барилгын материалын нийлүүлэлт тасарчхаад байна. Урд хөршөөс ямар нэгэн байдлаар хараат байна. Материал нь хэзээ ирэх юм бүү мэд. Барилгад хэрэггүй юм гэж нэг ч байхгүй. Жижиг хадаас ч бидэнд чухал.

Эдийн засгийн хүндрэл юунаас үүсэв?

-Барилгын материалын үнийн хөөрөгдлөөс гадна бидэнд ирж буй хамгийн том дарамт нь банкны өндөр хүү. Цар тахлын үед эдийн засаг хямарсан ч бид хүүгээ төлсөөр байсан. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 10 тэрбумын алдагдал хүлээсний 50 гаруй хувь нь банкны хүү байгаа юм. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүй тулд зээл авч, өндөр хүү төлөхөөс өөр аргагүй болж байна.

Олон удаагийн хөл хорио, цар тахлын хүндрэлээс болж аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилтнуудаа цомхтгохоос өөр аргагүй болсон. Танай компани ажилтнуудаа цомхтгосон уу. Хүндрэлийг хэрхэн даван туулав?

-Хэдийгээр бид банкны өндөр хүү төлж, алдагдал хүлээж цар тахлын хүндхэн нөхцөлд ажиллаж байсан ч нэг ч ажилтнаа цомхтгоогүй. Барилгын материал тасарлаа гээд ажилтныхаа цалинг нь тасалж болохгүй. Нэг ажилтны ард олон хүний амьдрал байдаг. Манай компанийн тухайд үндсэн 100 гаруй ажилтантай, гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилладаг.

Үйл ажиллагаагаа хэвийн явуулахад Засгийн газраас дэмжлэг байна уу?

-Барилгын салбарынхныг дэмжих хэрэгтэй байна. Ядахдаа л хилээр нэвтрүүлж буй барааг Засгийн газар бодлогоор эрэмбэлэн ангилж нэвтрүүлэх хэрэгтэй. Барилгын компанийн ард олон хүний эрх ашиг яригддаг. Барилгын материал тасарлаа гээд ажилтныхаа цалинг тасалдуулж болохгүй, захиалагч нараа ч орон сууцанд нь аль болох хурдан оруулахыг л бодож байна.

Барилгын материалын хомстлоос гадна ажил тэг зогсох нь хүний нөөцтэй салшгүй холбоотой болов уу?

-Цар тахал дэгдсэн цагаас эхлэн Монгол Улс хилээ хааснаар урд хөршөөс ажиллах мэргэжилтэн, ажиллах хүчин тасарсан. Дээр нь Монголд цалин өндөр амласан ч ажил хийх сонирхолтой хүн алга. Энэ нь халамжийн системтэй холбоотой болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж