Мьянмарын НҮБ дэх төлөөлөгчийг солихыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Мьянмарын НҮБ дэх төлөөлөгчийг солихыг хүслээ

Мьянмарын НҮБ дэх төлөөлөгчийг солихыг хүслээ

Мьянмарын цэргийн удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Аун Сан Су Чиг буулгаж, засгийн эрхийг булаах ажиллагааг эсэргүүцсэн этгээдийг НҮБ дахь тус улсын Элчин сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Вунна Маунг Лвин НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресд хандаж бичсэн уг захидлыг “Associated Press” агентлаг нийтэлсэн байна.

Лвины уг захидалд дурдсанаар өдгөө тус албыг хашиж байгаа Киау Мое Тун нь энэ оны хоёрдугаар сарын 27-нд өөрт оногдсон эрх үүрэг, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан тул түүний оронд цэргийн албыг 26 жил нэр төртэйгөөр хашиж буй Ан Турейныг томилохыг хүссэн байна. Туны хувьд төрийн эргэлт болсноос хэдэн долоо хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-нд Мьянмарт зохиогдсон НҮБ-ын ерөнхий ассамблейн  хурлын үеэр тэрбээр төрийн эргэлтийг ихэд буруушааж байгаа төдийгүй ардчиллыг эргэн тогтоох үйлсэд олон улсын дэмжлэгийг хүлээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байжээ.

Түүгээр зогсохгүй тэрбээр олон улс орнуудад уг төрийн эргэлтийг буруутгаж, цэргийн үйл ажиллагааг дэмжихгүй байхыг уриалсан бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сард Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөө үндэсний лиг нам ялалт байгуулсан сонгуулийн үр дүнг хүндэтгэн үзэхийг цэргийн эрх мэдэлтнүүдээс мөн шаардсан юм. “Бид ард түмний мэдлийн засгийн газар, ард түмнээс бүрдсэн засгийн газар, ард түмний төлөөх засгийн газрын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж тус хурлын үеэр түүнийг мэдэгдэхэд танхимд байсан дипломатууд нижигнэтэл алга ташиж байжээ.

Туныг албан тушаалаас нь буулгах өмнөх оролдлого бүтэлгүйтэж байсан бөгөөд тавдугаар сарын 12-нд бичигдсэн Гадаад хэргийн сайдын уг захидалд ямар хариу арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. 193 гишүүнээс бүрдэх Ерөнхий ассамблей нь дипломатуудыг халах, солих, томилох ажлыг хариуцан явуулдаг бөгөөд дипломатыг итгэмжлэх ажиллагаа хамгийн түрүүнд есөн гишүүний бүрэлдэхүүнтэй Итгэмжлэх хороогоор дамжин явагдах учиртай аж. Энэ жилийн хувьд тус бүрэлдэхүүнд Камерун, Хятад, Исланд, Папуа Шинэ Гвиней, ОХУ, Тринидад ба Тобаго, Танзани, АНУ, Уругвай зэрэг улс багтаж байгаа юм. НҮБ-ийн хэвлэлийн орлон төлөөлөгч Фархан Хак Итгэмжлэх хорооноос ойрын хугацаанд аливаа хурал товлоогүй болохыг мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн зургадугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мьянмарт болсон 2020 оны арваннэгдүгээр сарын сонгуулиар Су Чигийн намд олгогдсон бүрэн эрхийг хэвээр үлдээх ёстой гэж мэдэгдэж байв. Цаашлаад Лондонд төвтэй Мьянмарын Хариуцлагатай Төсөл, мөн Су Чид үнэнч хэвээр үлдсэн Мьянмараас Их Британид суугаа Элчин сайд Киав Звар Минн нар Туныг солих гэсэн уг оролдлогыг буруушаасан байна. Минний орлогч болон тус улсын цэргийн аттеше Лондон хот дахь Элчин сайдын яамыг хааснаас хойш Минний байр суурь тодорхойгүй байсаар байна. Гэвч Мьянмарт байгаа Минний гэр бүлийг хорионд байлгаж байгаа нь түүний хамгийн их санаа зовох шалтгаан болж байгаа аж.

Мьянмарын хариуцлагатай төслийн захирал Крис Ганнессийн мэдэгдэж байгаагаар тус улсын армийн эрх мэдэлтнүүд Минний оронд байлдагч нисгэгч Хтун Аун Киавыг томилох хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна. Турейн болон Киав нар бүгд цэргийн хүмүүс байгаа нь таагүй сэтгэгдэл төрүүлж байгааг Ганнес илэрхийлсэн бөгөөд тэр дундаа Турейны хувьд хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлт болон түүний дараа явуулсан хэлмэгдүүлтэд оролцсон байх өндөр магадлалтай нэгэн аж.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж