Өлсгөлөнд нэрвэгдэж, мөн Covid-19-ийн хүнд нөхцөл байдалд байгаа Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцоороо зугаалж явсан нь хиймэл дагуулын дуранд өртжээ.
Нийт 79 метрийн урттай уг тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц долдугаар сарын 12-ны өдөр Вонсан булан дах Кимийн хувийн харш байрлах эргийг чиглэн явж байсныг “Planet Labs” компани дуран авайдаа буулгасан бол, зургийг Өмнөд Солонгосын “NK News” твиттер хуудсаараа дамжуулан нийтэд хүргэсэн юм. Энэ долдугаар сард Вонсаны булан дахь цаг агаар тогтуун, 30 орчим хэмийн дулаантай байгааг “NK News” мөн онцолжээ.
Гэвч уг тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцонд Ким Жон Ун сууж явсныг яг тодорхой мэдэх аргагүй юм. Учир нь тэрбээр хамаатан, найз нөхдөдөө дарвуулт онгоцоо түр хэрэглүүлэх тохиолдол байдаг аж. Хэдий тийм боловч дарвуулт онгоцны хөдөлгөөн удирдагчийн олны нүдэнд өртөхгүй байгаатай давхцаж байгаа нь түүнийг дарвуулт онгоцондоо сууж явсныг илтгэж байна гэж тус агентлагаас мэдээлжээ.
Түүнээс гадна өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Ким олон нийтийн өмнө хэсэг үзэгдээгүй тэр үед уг онгоц мөн тус чиглэлд явж байжээ.
Сар гаруйн өмнө Кимийн хийсэн мэдэгдэл олны анхаарлыг тун их татсан юм. Тэрбээр өнгөрсөн жилд дэгдсэн хар салхитай холбоотойгоор ургац муудсаны улмаас тус улс хүнсний ноцтой хомсдолд өртөөд байна гэсэн юм. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж буй тул их өлсгөлөн болохоос сэргийлж хориг арга хэмжээгээ цуцлахыг НҮБ-ын нэгэн албан тушаалтан мөн санал болгожээ.
Хойд Солонгос Covid-19-ийн халдварын тархалтын талаарх аливаа мэдээллийг хүргэхгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл вирусгүй бүс хэмээн өөрийн улсыг нэрлэж буй. Мөн НҮБ-ийн Ковакс хөтөлбөрөөс хоёр сая тун вакцины тусламж үзүүлэхээр болсон ч иргэдээ вакцинжуулах асуудалд хойрго хандсаар байна. Гадаадын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Хойд Солонгост өнгөрсөн жил халдварын тархалт маш өндөр байсан.
Үүний улмаас удирдагч Ким хувийн амралтын газартаа бүгж олон нийтийн өмнө үзэгдэхээ больсон байх талтай аж. Тамхи их татдаг түүнийг Covid-19 маш хүнд тусна хэмээн таамаглаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
С.НАРАНГАРАВ
Холбоотой мэдээ