Германд өнгөрсөн долоо хоногт болсон үерт хохирол амссан иргэдэд яаралтай тусламж үзүүлэхээр тус улсын Засгийн газраас энэ Лхагва гаригт 400 сая орчим евро (472 сая ам.доллар) төсөвлөснөө мэдэгдлээ. Түүнчлэн үерийн гамшигт өртсөн бүс нутгуудад эвдэрч сүйдсэн дэд бүтцийг сэргээн засварлах ажлыг түргэвчлүүлнэ гэжээ. Учирсан хохирол, сэргээн босгох зардлын хэмжээ тэрбум тэрбум еврогоор хэмжигдэх төлөвтэй байгаа аж.
Сангийн сайд Олаф Шольц энэхүү зардлын талыг Европын холбооны Засгийн газраас гаргах бол үлдсэн хувийг Германы Засгийн газраас гаргана гэсэн юм. Мөн үерийн дараах нөхцөл байдлаас иргэд аль болох эргэн сэргэхэд илүү мөнгө шаардлагатай бол гаргахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Канцлер Ангела Меркель Мягмар гаригт гамшигт ихээр өртсөн бүс нутгийн ард иргэдтэй биечилж уулзсан бөгөөд тэдэнд яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх асуудлыг эн тэргүүнд авч үзнэ гэсэн юм.
Өмнө нь 2002, 2013 онуудад Германы зүүн бүсийн нутгууд дахь тариалангийн талбай нь үерт автсанаас асар их хохирол амсаж байв. Өнгөрсөн долоо хоногийн үер мөн л эдгээр бүс нутгуудыг дайрч өнгөрсөн төдийгүй олон хүнийг үхэлд хүргэснээрээ илүү их хор хөнөөлтэй байна.
Хүчтэй аадар борооны улмаас голууд ихээр үерлэснээс 171 хүний амь нас эрсэдсэн бөгөөд үүний тал орчим нь Бонн хотын ойролцоох Ахрвайлер тосгоны оршин суугчид байжээ. Мөн хөрш зэргэлдээ Бельги улсад 32 хүн амь эрсэдсэн тул нас барагсдын тоо нийт 202-т хүрээд байна.
Шольц 2013 оны үерийн гамшгийн улмаас эвдэрч сүйдсэн барилгыг сэргээн босгох ажиллагаанд нийт зургаан тэрбум евро зарцуулсан бол энэ удаад үүнээс илүү их хөрөнгө гаргах төлөвтэй байна гэв. Тэрбээр мөн “Бидний яг одоо өгч чадах амлалт бол сэргээн босгох ажлыг шууд эхлүүлэх юм. Тухайлбал нурж сүйдсэн байшин барилга, сургууль, эмнэлэг зэрэг дэд бүтцийг барьж байгуулахад шаардлагатай ажлуудыг дэс дараатайгаар явуулна” гэсэн юм.
Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер хэлэхдээ Холбооны засгийн газар болон Германы төрийн албан хаагчдын уулзалтын дараагаар буюу энэ сарын сүүлээр хохирлын үнэлгээг гаргана гэлээ. Шольц болон Зеехофер нар мөн мэдэгдэлдээ иргэд үер ус зэрэг ослын даатгалд хамрагдсан эсэхийг үл харгалзан иргэдийг байшин барилгыг сэргээн босгох ажиллагаанд хамруулах бөгөөд даатгалд хамрагдсан иргэдийн хувьд зарим зардлыг даатгалаас тооцуулж гаргуулна гэсэн юм. Харин канцлер Меркель даатгалыг авч үзэх асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний улмаас шимтгэл зэрэг олон асуудал урган гарч болохыг анхааруулав.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: АССЭШЕЙТЭД ПРЕСС
Холбоотой мэдээ