Ардчилсан намын ээлжит 4/11 мэдээллийн үеэр гурван асуудлаар өнөөдөр /07.22/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өргөтгөсөн хурлыг зохион байгуулах, Засгийн газар авлигын эсрэг комисс байгуулах, Улсын дээд шүүхээс С.Баярцогт нарын хэргийг буцаасан асуудлаар дараах байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Засгийн газар авлигын эсрэг комисс байгуулахаар болсныг шүүмжилж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ажлаа хийхийг шаардав.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн манлайллыг авч, томхон асуудлыг шийдэх ёстой. Тиймээс биш Замын-Үүдэд гүйж очоод хаалганы хэрүүл, нисэх онгоцны нээлтэд оролцох зэргээр жижиг асуудалд оролцох учиргүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Монгол төрийн зангараг дутаж байна. Ерөнхий сайд та хилийн боомт дээр хаалганы хэрүүл хийх хүртэл жижгэрч байгаа бол төр ямар их завхарсан, ямар хариуцлагагүй болсныг тод харуулж байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгч нь нисэх онгоцны буудлын нээлт хийж тууз хайчлах хүртэл Монгол төрийн зангараг байхгүй болжээ. Энэ бол төрийн тэргүүн, Ерөнхий сайдын хийх ажил биш.
Монголд өнөөдөр шийдэх ёстой маш том олон асуудал байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татахад бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Эдийн засгаа тэлж, хэрэгждэггүй хууль дүрмийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой.
Сайд нараа дуудаж салбар салбарын хуулийг хангуулах талаар шат шатанд нь хэрэгжүүлэх шаардлагатай. Хууль завхруулж ажил хийдэггүй төрд алба хашиж буй яам агентлагийн дарга нарт хариуцлага тооц. Бүрэн эрх нь танд байгаа. Мөн Засгийн газар авлигын индексийг хоёр оронтой тоонд авчрах том зорилго тавьж байна. Ардчилсан нам Засгийн эрхийг барих хугацаанд 120-д жагсч байсан авлигын индексийг 72 хүртэл бууруулж байсан юм. Гэтэл сүүлийн зургаан жил Монгол Ардын нам төрийн эрхийг барихад авлига, хүнд суртал цэцэглэсэн. Энэ дүнг бид биш олон улсын байгууллагууд үнэлж гаргадаг. Авлигын индексээр Монгол Улс 111-т жагсч хойш ухарсан. Асуудлаа олж харж байгаа нь сайн хэрэг боловч ажлаа хийх арга нь зөв байх ёстой.
Авлигатай тэмцэх газар гэх бие даасан, УИХ-аас байгуулагддаг байгууллага байхад Засгийн газар зэрэгцээд авлигын эсрэг комисс байгуулах шаардлагагүй. Хэрэв Засгийн газар нь авлигын эсрэг комисс байгуулбал институц хоорондын зөрчил үүснэ.
Тиймээс Авлигатай тэмцэх газраа татан буулга эсвэл Засгийн газар бие даасан байгууллагатай болохоор болбол хуультай болго. Монголд өнөөдөр авлигатай тэмцдэг төрийн байгууллага багадаагүй.
Монгол Улс парламентын засаглалтай бол Ерөнхий сайд улс төрийн манлайллыг авч үлдэх ёстой. Ерөнхийлөгч Ази Европын 50 төрийн тэргүүнийг Монголд авчирч байсан төрийн зангараг хаачив. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ёстой. Улсын дээд шүүхэд бүртгэдэг социалист байдлаа өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намаар дамжиж улс төр хийдэг асуудал газар авлаа. Монгол Улсад иргэний эрхзүйн байдлын тухай хууль байх ёстой.
ХУУЛЬ ЗАСАГЛАЯ ГЭВЭЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАРИМ ШҮҮГЧИЙГ СОЛЬ
Ардчилсан намын 4:11 ээлжит мэдээлэл
Ардчилсан намын 4:11 ээлжит мэдээлэл
Posted by News.mn on Wednesday, July 21, 2021
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 21-25-нд Япон улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцож байгаа юм. Түүнийг “ажлаа хий” хэмээн Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү хэлэв. Мөн тэрбээр бусад асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
-Монголын баг тамирчид олимпд оролцож байгаад нь баяртай байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал тамирчдад “гай” болж байна. Тиймээс Монгол Улсад хурдан ирж ажлаа хийхийг шаардаж байна. Олимп болж байхад Японы Ерөнхий сайд бидэнтэй ажил ярих завгүй нь ойлгомжтой. Ирэх есдүгээр сард хичээл сургуулиа нээхэд өвчлөлөө дар. Цар тахлаас болж бүх ажил цалгардаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсад олон улсын анхаарлыг татахуйц АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч ирчхээд байхад Ерөнхий сайд нь “зугтааж” байгаа юм шиг алга болж байгаа нь шившиг. Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг зориуд унагааж буй үйлдэл. Дээр нь АНУ-д томилсон Элчин сайдыг хар. Улс төрийн боловсролгүй, мэргэжлийн түвшний англи хэлгүй, зүгээр л нэг аялагч. Үүнд тайлбар өгөх цаг нь болсон. Энэ мэтчилэн төрөөр тоглохоо больё.
Дээр нь цар тахлын улмаас 800 гаруй хүн нас барлаа. Өвчлөлөө дарж сургууль цэцэрлэгээ нээмээр байна. Энэ асуудлыг нэг талд нь шийдэх хэрэгтэй. Ард түмэн бидний талд байна, бид олуулаа.
Битгий тэвчээр бараад байгаарай. Бас дарангуйлал бий болж байх шиг байна. Архангай аймагт Засаг даргыг нь огцруулах утгагүй оролдлого хийж байгаа нь өөрсдийгөө ИТХ-ын төлөөлөгч гэж нэрлэж байгаа цөөн авлигачдад хатуухан хэлье. Хууль зөрчсөн үйлдэл гаргавал Монгол Улсын тагнуулын тусгай алба хуйвалдаан зохион байгуулсан этгээдүүдэд хариуцлага тооцно. Хуулийн хүрээнд асуудлыг шийдэх ёстой гэж харж байгаа учраас хөндлөнгийн зүгээс чимээгүй харж байна. Хэрэв асуудал үргэлжилбэл бид ч бас өөр алхмаар шийднэ.
Архангай аймгийн Засаг даргыг зайлуулахын оронд Ерөнхий сайдыг зайлуулах цаг нь болсон.
Нөгөөтээгүүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн биш хууль засагладаг болно” гэж хэлсэн. Үүний тулд нэн тэргүүнд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг яаралтай соль. Энэ хүн хуулиа биелүүлэхгүй байна. Хуульд намын байгууллагын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох ёсгүй байтал оролцож байна. Энэ хүнээс болж маш олон хэлмэгдүүлэлт боллоо. Монгол Улсын хуулиар сонгуульд оролцож байгаа хүн, нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй барьж хорихгүй. Гэтэл С.Баярцогт, С.Баяр нараас барьцаа 5, 10 тэрбум нэхэж байсан. Ийм хэмжээний мөнгө хувь хүнд байхгүй. Эцэст нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж нотлох баримтгүй болохоор арга буюу буцааж байна. Энэ нь Ардчилсан намыг гутаан доромжилж, лидерүүдийг нь гэмт хэрэгтэн болгож харагдуулах гэсэн явуургүй үйлдэл гэж харж байна. Үүнийг зохион байгуулалттай хийсэн этгээдүүд өөрсдөө зайлах хэрэгтэй. Түүнчлэн Засгийн газар авлигын эсрэг комисс байгуулна гэж жүжиг тоглохын оронд Ардчилсан намын үед ажиллаж байсан хүмүүсийг эргүүлэн ажилд нь томилох хэрэгтэй. Ингэснээр комисс байгуулах шаардлагагүй авлигыг бууруулж чадна.