Токио 2020 олимпийн наадам өчигдөр/2021.07.21/ софтбол болон хөлбөмбөгийн спортуудаар эхэлсэн билээ. Энэ өдрийн гол сенсаци АНУ болон Шведийн эмэгтэй хөлбөмбөгийн багуудын тоглолтод тохиожээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард Францын шигшээд 3-1 гэсэн харьцаатай ялагдсанаасаа хойш 44 тоглолт дараалан ялагдаагүй байсан Америкийн бүсгүйчүүд өчигдөр Шведийн багт 3-0 гэсэн харьцаатай хожигдлоо.
АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг 2015, 2019 онуудын дэлхийн аваргад дараалан түрүүлсэн билээ.
Тоглолтын эхний хоёр гоолыг Шведийн довтлогч Стина Блекстениус оруулсан бол гурав дахь гоолыг нь Лина Хөртин оруулж, хүчтэй өрсөлдөгчөө буулган авчээ. Алекс Морган, Меган Рапино Келли О’Хара тэргүүтэй шилдэг тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан Америкийн баг шинэ дасгалжуулагч Влатко Андоновскигийн удирдлага дор олимпийн анхны тоглолтоо хийж, анхны ялагдлаа амслаа.
АНУ-ын эмэгтэй шигшээ багийг тив, дэлхийдээ тус бүр хоёр дараалан түрүүлэхэд дасгалжуулж байсан Жилл Эллис 2019 оны сүүлээр ажлаа өгч, АНУ-ын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгчөөр ажиллаж байна.
Мөн Бразилын хүчирхэг бүсгүйчүүд Хятадын эсрэг тоглож, 5-0 гэсэн харьцаатай хожжээ. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ертөнцөд домог хэмээн хүндлэгддэг Марта энэхүү тоглолтод хоёр гоол оруулсан байна. Түүнээс гадна Дебиньа, Андресса, Беатриз нар нэмж гоол оруулжээ.
Өдгөө 35 настай Марта таван олимп дараалан гоолдсон анхны тамирчин болсон бол түүний багийн анд 43 настай Формига долоон олимпийн наадамд оролцсон анхны эмэгтэй хөлбөмбөгчин болжээ.
Энэ өдөр явагдсан Замби, Нидерландын шигшээ багуудын тоглолт 10-3 гэсэн харьцаатай Нидерландын давамгайлал дор өндөрлөжээ. Энэхүү тоглолтод Нидерландын довтлогч Мьедема дөрвөн гоол оруулсан аж.
Холбоотой мэдээ