Сурвалжлага: Монголчууд хоол, архи хоёртоо хордож байна

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Монголчууд хоол, архи хоёртоо хордож байна

Сурвалжлага: Монголчууд хоол, архи хоёртоо хордож байна

Бүх нийтийн амралтын өдрүүд урт удаан үргэлжилж, төр засаг нь наадаагүй ч иргэд нь наадмаа хөдөө, агаар салхинд гарч "нижгэр" тэмдэглэх шиг боллоо. Баяр тэмдэглэж сураагүй биш манайхан "наадмын" гэх тодотголтой тосонд живсэн хуушуур, өөхтэй хонины хорхог, ямааны боодог идээд араас нь хийжүүлсэн ундаа, архи, айраг гурвыг харин ч нэг ууж, эрүүл мэндэд нь том гай болохыг хожим эмнэлгийн орон дээр ухаардаг нь харамсалтай.

Энэ жилийн баяр наадмын өдрүүд олон хоног амарсан, удаан хугацаанд хоригдсон иргэд агаар салхинд гарах, орон нутгийг зорих нь эрс нэмэгдэж, хоолны хордлогын дуудлага эмнэлгүүдийн ачааллыг хэд дахин нэмжээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг хөл хөдөлгөөн ихтэй, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, согтуу хүн 103-аар хүргэгдэн ирж буйтай таарсан юм. Энэ үеэр яаралтай тусламжийн эмч Г.Оргилмаатай хэсэгхэн хором ярилцав.

Г.Оргилмаа эмч “Долдугаар сарын 11-нээс хойш яаралтай түргэн тусламжийн 103 утсаар 43 архины хордлого, өөрсдөө ирсэн 58 архины хордлого бүртгэгдсэн Мөн архины хамаарлаас үүдэлтэй хэвлийн өвдөлтүүд, зүрхний цочмог өвдөлт, артерийн даралт ихсэх зовиуртай хүмүүс их ирсэн. Хорхог идэж, хүйтэн ундаа, айраг уусан гэх мэт хэвлийн цочмог өвдөлт их байлаа. Ерөнхийдөө яаралтай тусламжийн тасагт 24 цагийн хугацаанд ирдэг хүмүүсийн 60 хувь нь архины хамааралтай байдаг. Иргэддээ хандаж хэлэхэд гэртээ даралтны аппарат, халууны шил болон өвчин намдаах эм, даралтны эм, халуун бууруулах эм зайлшгүй байлгаж байгаарай” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр иргэдийг хоол хүнсний зөв дадал хэвшил, дэглэмтэй болохгүй бол Covid-19 гэхээсээ илүүтэйгээр архи, хоол ундны зохисгүй хэрэглээг хэтрүүлж, эрүүл мэндээрээ хохирч байгааг санууллаа.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг. Үүдээс хойш болсон болохоор тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн ачаалал дүүргийн эмнэлэгтэй харьцуулбал харьцангуй багассан байв. Энэ үеэр Б.Батхүү эмчтэй ярилцав.

Тэрбээр ярихдаа “Баяр наадмын өдрүүдээр архины болон хоолны хордлоготой хүмүүс их ирсэн. Хүмүүс хорхог идээд архи, айраг уудаг. Түүнээс болоод хордлогонд ордог, цус алддаг, хэвлийгээр хүчтэй өвддөг, нойр булчирхайн "acute pancreatits" гэсэн оноштой хүмүүс их байлаа. Мөн ходоодны үрэвслээр хэвтсэн хүмүүс их байсан. "Acute pancreatits" болон ходоодноосоо цус алдаж байсан хүмүүсээ манайх яаралтай хэвтүүлэн эмчилсэн. Бусад эмийн эмчилгээтэй иргэдээ дүүргийн эмнэлэг рүү нь хүргэж өгөөд заавар зөвлөгөө өгсөн. "Аcute pancreatits" гэдэг нь нойр булчирхайн үхжилт хэлбэр гэсэн үг л дээ. Энгийнээр тайлбарлавал, урд нь архи уугаад ч юм уу нойр булчирхайгаа сэдрээж байсан хүн хоолны буруу дэглэм бариад дахин архи ууснаас болж үүсч байгаа зүйл. Өдөрт 2-3 ийм төрлийн өвчтэй хүмүүс, 4-5 архины хордлоготой хүмүүс ирж байсан" гэв.

Иргэддээ зөвлөхөд өөх тостой хоол бага идэж, хоолны дэглэм барьж, архи дарс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өмнө нь өвдөж байсан хүмүүс хэрэглэвэл маш хурдтай сэдэрдэг.

"103-Т НААДМЫН ӨДРҮҮДЭЭР АРХИНЫ ХОРДЛОГО ИХ БАЙСАН"

Эцэст нь Улаанбаатар хотын хамгийн ачаалал ихтэй, цаг завгүй өдрийг өнгөрүүлдэг 103 буюу Нийслэлийн түргэн тусламжийн төвөөр орлоо. Тус төвийн статистик эмч Б.Баярсайхан завгүй ажлынхаа хажуугаар зав гарган ярихдаа "Хоолны хордлого гэхээсээ илүү архины хордлого наадмын өдрүүдэд их бүртгэгдсэн. Долдугаар сарын 10-18-ны хооронд манай осол гэмтлийн дуудлагын 53.8 хувийг архины хордлого эзэлж байна. Урд жилүүдийг бодвол өссөн үзүүлэлт. Хоолны хордлого өмнөх жилүүдтэйгээ ойролцоо, өдөрт 1-2 дуудлага л ирсэн. Нийт дуудлагын 0.4 хувийг энэ төрлийн дуудлага эзэлж байна. Тостой хоол идээд л хүйтэн юм уухаар нойр булчирхай, цөс хүчтэй цочирддог" гэв.

Гэр бүл, хамт олноороо хордлогонд орсон тохиолдол бүртгэгдээгүй.

Монголчуудын хоолны хэрэглээ өөх, тосноос их хамааралтай. Шарсан, хуурсан тостой хоолыг архи, хийжүүлсэн ундаа, хүйтэн шар айргаар даруулах нь элэг, цөс, нойр булчирхайг "алдаг" гэдгийг дээрх эмч нар хэлж байна.

Мөн тэд хоолны хордлого гэхээс илүү архины хордлогод орж байгаа хүмүүс их байна хэмээн онцолж байгааг та бүхэн уншсан байх. Аливаа зүйлийн тун хэмжээ ихдэхээрээ л бидний зовлон эхэлдэг. Тиймээс идэж, ууж байгаа зүйлдээ цензурьтай хандаж, биеэ бодоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж