Ард иргэдээ авран хамгаалах тангаргийг Онцгой байдлын алба хаагчид өргөдөг. Гэвч иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд төрөөс хамааралтай зарим асуудлаас болж иргэд арга мухардаж, хандивын данс нээхээс аргагүйд хүрч байна.
Тухайлбал, самар түүхээр ууланд гараад сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэн өчигдөр /2021.7.21/ эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газар, ОБЕГ-т өгөхөд эрлийн нисдэг тэргийг түрээсэлнэ гэдэг тайлбарыг өгсөн. Энэ бол ердөө л нэг жишээ. Үүнээс гадна хэвлэлд мэдээлэл өгөөгүй өчнөөн хүн бий. Тэгвэл төсөвт хуримтлагдсан олон жилийн санхүүжилт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах нисдэг тэрэг авахад хангалттай хүрэлцэж чадаагүй гэсэн үг үү.
Жил бүр байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож иргэд усанд осолдох, уул, хаднаас унаж амь эрсдэх тохиолдол бүртгэгддэг. Тэр бүрд эрлийн ажиллагааг завь болон морь, машинаар зохион явуулдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэвч шаардлагатай тохиолдолд ашиглана гэсэн заалттай нисдэг тэргийг ард иргэдэд өндрөөр үнэлж, тэднээс яагаад харамлаж байгаа нь сонирхолтой.
Цагаар түрээсэлж төлбөр төлөх чадамжгүй бол хэчнээн хүний амь нас эрсдэлд орох эсэх нь авран хамгаалах үүрэгтэй албаныханд хамааралгүй болжээ. Хэнэг ч үгүй цагийн түрээс нь дөрвөн хүний суудалтай нь гурван сая төгрөг, 14 хүний багтаамжтай нь 4.5 сая төгрөг гэж мөнгө нэхдэг тусламжийн үйлчилгээг бэлтэй хүн л авах боломжтой. Учир нь жирийн иргэнд нисдэг тэрэг түрээслэх нэг цагийн түрээс нь нэг жилийн цалинтай тэнцэж очихоор байна.
ОБЕГ ЖИЛ БҮР ЦУГЛАСАН ХАНДИВААР НИСДЭГ ТЭРЭГ АВАХААР ТӨЛӨВЛӨДӨГ
2017 оны зун улсын хэмжээнд нийт 22 хээрийн түймэр гарч, 351 алба хаагч галыг унтраахаар өдөр шөнөгүй ажиллаж байсан. Тухайн үед нөхцөл байдлыг далимдуулж чадсан хүмүүс бол улс төрчдийн төлөөлөл У.Хүрэлсүх, Х.Баттулга нар юм. Засгийн газраас дэмжлэг авахгүйгээр эх орон, онцгой байдлын алба хаагчдаа хүндлэн галыг цурманд оруулахаар газар дээр нь очиж ажиллаж байсан хүмүүс. Тэгээд ч зогсохгүй сайхан сэтгэлт ард түмнээсээ хандив цуглуулахаар болсон тухайгаа хэлж олон сая төгрөгийг тус дансанд байршуулсан.
Тэрхүү мөнгөөрөө авран хайх ажиллагаа явуулах боломжтой нисдэг тэрэг авна гэж ам гарч байсан. Тухайн үед иргэд, аж ахуй нэгжүүдээс нэг өдрийн дотор 300 сая төгрөг цугласан гэдэг. Агаараас ус цацаж, ой хээрийн түймэр унтраах нисдэг тэрэг тухайн үед 5-10 сая ам.долларын ханштай байжээ.
Харин цугласан хандивын мөнгөөр тэрхүү онгоцыг авсан бол өнөөдөр эрэн хайх, аврах ажиллагааг явуулахад түрээслэх хэмжээнд хүрэхгүй байсан бизээ. Онцгой байдлын газарт байгууллага, иргэд жил бүр тодорхой хэмжээний хандив өгдөг. Түүгээр шаардлагатай тоног төхөөрөмж авна л гэдэг. Авдаг эсэх нь тодорхойгүй.
БЭЛТЭЙ НЬ ТҮРЭЭСЭЛЖ, БУСАД НЬ ХАРУУЛДАЖ СУУДАГ НИСДЭГ ТЭРЭГНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Нисдэг тэргийг түрээсэлж зугаалах болохоор мөнгөтэй л бол хүссэн газартаа очиж хувийн тансаг үйлчилгээ авдаг.
Хувийн нисдэг тэрэгний үйлчилгээ сүүлийн жилүүдэд бизнес болж хөгжиж нэг цагийн түрээс нь суудлын тооноос хамаарч 800 мянган төгрөгөөс 16 сая төгрөг хүртэл үнэлгээтэй байгаа юм.
Бодит байдал дээр тусламж хэрэгтэй иргэдэд тэр эрлийн онгоц нь олдохгүй байгаад асуудал байна. Уул хаданд осолдож, усанд живсэн иргэдийн ар гэр төлбөр төлөх чадамжгүй бол тухайн хүний цогцсыг ч тоохгүй.
Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хүн гэгч капитал. Тийм байтал ядруухан иргэд нь өргөдөл бичээд хүсэлт бариад орохоор “Уучлаарай боломжгүй, аврах ажиллагааг хуулийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын зөвшөөрлийн дагуу хийх боломжтой” гэдэг тайлбар хэлдэг газар Монгол Улсаас өөр байхгүйг иргэд шүүмжилжээ.
Цагдаагийн алба хаагчид, нутгийн иргэд гээд сураггүй алга болсон иргэд сум, нутгаараа хайхад оролцдог. Гэвч хүн хүчээс гадна техник хэрэгслийн зайлшгүй тусламж хэрэгтэй учраас л эрэн хайх, аврах тусгай нисдэг тэрэг байдаг.
Одоогийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын хоёр нисдэг тэрэг авах гэж байгаа бөгөөд тухайн онцгой байдлын нисгэгч болон бусад шаардлагатай зүйлсийг бүрдүүлэхэд тодорхой хугацаа зарцуулна гэсэн.
Ямартай ч тун удахгүй агаарын эрэн хайх аврах ангитай болох төлөвлөгөөтэй улс байгаа хэдэн нисдэг тэргийг нь эрэн хайх ажилд өндөр өртгөөр үнэлж байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэлээ. Харин дараагийн жилүүдэд дахин ийм асуудал давтахгүй байж чадах уу гэдгийг ОБЕГ-ынхнаас асуумаар байна!
Холбоотой мэдээ