С.Баяр 5,5 тэрбум төгрөг өгч, суллагдсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

С.Баяр 5,5 тэрбум төгрөг өгч, суллагдсан уу?

С.Баяр 5,5 тэрбум төгрөг өгч, суллагдсан уу?

Олон нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүс, зарим нэр бүхий улс төрчдийн холбогдсон авлигын гэмт хэрэг хэдэн жил дараалан шүүхээр явж байгаад хэрэгсэхгүй болдог болжээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар 2019 онд 68 хэрэг шийдвэрлэсэн бол 2020 онд 114 хэрэг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн аж. Шүүхээр шийдвэрлэсэн зарим эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Батзориг, Г.Солтан, Б.Ундармаа зэрэг албан тушаалтнуудын хэргийг дурдсан байна.

АТГ гэх сүржин нэртэй байгууллага өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй амжилттай ажилласнаа тодотгодог. Гэвч Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос сүүлийн гурван жил дараалан байр ухарч эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авах ёстой тус индексийн сүүлийн жилүүдийн статистикаас харвал Монгол Улс:

  • 2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93 дугаар байрт,
  • 2019 онд- 35 оноо авч, 106 дугаар байрт,
  • 2020 онд-35 оноо авч, 111 дүгээр байрт тус тус оржээ.

Тэгвэл ийнхүү байр ухрах шалтгаан улс төрийн нөлөө бүхий хүмүүст холбогдох хэргээс хамааралтай байж болох уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Учир нь томоохон хэрэгт хамааралтай улс төрийн хамаарал бүхий хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хууль болон магадлангаар суллагдаад байгаа юм. Улсын Дээд шүүх дээр долдугаар сарын 19-нд олны анхаарлыг татсан хэд хэдэн шүүх хурал болсон билээ.

Тухайлбал, “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргийг дахин хэлэлцсэн билээ.

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРААС 5 ТЭРБУМ ХУРААЖ, СУЛЛАГДААД 17 ХОНОЖ БАЙНА

Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс таван жилийн ял оноосон. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус ялын хугацааг хасч 2.5 жил болгосон. Хэрэгт холбогдсон түүнийг суллах шүүх хурал энэ сарын 5-нд болж магадлангаар суллах шийдвэр гаргасан юм. Үндсэн хуульд зааснаар ял эдлэн хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой.

Улсын ерөнхий прокурорын газраас нэгдүгээр сард өгч байсан мэдээллээр Ерөнхий сайд асан С.Баяраас нийт таван тэрбум 580 сая төгрөг, нэг тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хурааж, түүнтэй хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь таван тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн хоёр жил зургаан сар болгон бууруулаад байсан юм.

С.Баяр суллагдахдаа 5,5 тэрбум төгрөгийн хураамжаа төлөөд суллагдсан талаар түүний өмгөөлөгч мэдэгдсэн. Тодруулбал, С.Баярт холбогдуулсан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн магадлалд “… шүүгдэгч С.Баярын үйлдсэн гэмт хэргийн улмаас Монгол Улс болон өөр этгээдэд хохирол учраагүй” гэж дүгнэсэн болно. Харин эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авна хэмээн 5,5 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэсэн. Гэтэл С.Баярын үйлдэл, эс үйлдлээс болж ямар нэгэн хохирол хэнд ч учраагүй байхад түүнд албадлагын арга хэмжээ авсан нь хуулийн үндэслэлгүй буруу шийдвэр. Гэхдээ нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь тухайн иргэнд хуулиар хүлээлгэсэн үүрэг мөн. Хэрэв биелүүлэхгүй бол албадан биелүүлдэг хуулийн зохицуулалттай хэмээн тайлбарлажээ.  Мөн түүний өмгөөлөгч  С.Баярыг  хилсээр ял оногдуулсан учир нэр төрийг нь сэргээж, дахин хянуулна гэдгээ ч мэдэгдсэн юм.

"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ

Улсын Дээд шүүх энэ сарын 2-нд Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхээр товлосон ч шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэх шалтгаанаар хойшлогдсон. Улсын Дээд шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Батхүү, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх байсан юм.

С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ

Улсын Дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэж С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож сулласан. Тэгвэл долдугаар сарын 19-нд болсон хурлаар тус хэрэг мөрдөн байцаалтад буцсан юм. Өмнө нь энэ хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр шийдсэн шийдвэрүүд хууль ёсны шаардлага хангахгүй байсан гэх үндэслэлээр түүнд холбогдох өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны  долдугаар сард С.Баярцогтод Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон билээ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ Б.УНДАРМААД ОНООСОН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн долдугаар сарын 19-нд хэлэлцсэн. Дээд шүүхээс Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон юм. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байна.

АТГ-ын шийдвэрлэсэн улс төрийн шинж чанартай авлигын хэрэгт холбогдсон эдгээр эрхмүүдийн олонх нь өнөөдөр суллагдаж, эрх чөлөөтэй амьдарч явна. Үүнээс харахад хууль ёсны хүрээнд ажиллах байгууллага мөн чанартаа хүрч чадаж байна уу гэдгийг дэлхийн авлигын индекс болон иргэд дүгнэх нь зүйтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж