Уганда улсын хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Ссекитолеко зуны XXXII олимпийн наадамд оролцохоор Япон улсад ирснийхээ дараа сураггүй болсон. Түүнийг Японы цагдаагийн газраас хоёр хоног эрэн сурвалжилсны эцэст Нагоя хотын ойролцоогоос баривчилсан. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа түүнийг онцолж байна.
Жулиус Ссекитолеко Олимпийн наадмын хүндийн өргөлтийн 56 кг-ийн жинд өрсөлдөхөөр Японд ирсэн боловч зочид буудлынхаа өрөөнд бичиг үлдээгээд зугтсан нь томоохон дуулиан дэгдээв. Тэрбээр зургадугаар сарын 19-нд Угандагийн баг тамирчдын хамт Нарита олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Нисэх онгоцны буудалд тамирчдаас шинжилгээ авахад нэг нь Covid-19-ийн “дельта” хувилбараар оношлогдсон тул шууд тусгаарлагдсан бол үлдсэн найман тамирчин чартер бусаар Изүмисано руу явсан байна.
Тамирчид Осака мужийн Изүмисанод зочид буудалд байрлан тэмцээнд оролцох дасгал сургуулилалтаа хийж байв. Улмаар Олимпийн өмнөх тамирчдын үзлэгээр Жулиус олон улсын стандартад хүрээгүйн улмаас энэ долоо хоногт нутаг буцах байв.
Гэтэл маргааш нь буюу долдугаар сарын 18-ны өдөр тэрбээр зочид буудлын өрөөндөө цүнхээ, Япон улсад үлдэж ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бичгийн хамт үлдээгээд ор сураггүй болжээ. Тэрбээр захидалдаа өөрийн эд зүйлсийг эхнэрт нь дамжуулж өгөхийг хүссэн байв. Эх сурвалжуудын мэдээлснээр Угандад үлдсэн эхнэр нь төрөх дөхсөн хөл хүнд аж.
Жулиусыг хоёр хоногийн дараа Нагоя хотоос 40 орчим км-ийн зайтай газраас олж баривчилжээ. Тэрбээр галт тэрэгний тасалбар худалдаж авснаар баригдсан байна. Жулиус биедээ Угандагийн олимпийн хорооноос олгосон гар утас болон пасспортоо биедээ авч явжээ. Нагоя мужийн төв Айчи хотноо Угандагийн иргэд олноороо ажиллаж, амьдардаг учраас Жулиус тус хотыг зорьсон байв. Ингэхдээ тэрбээр нутаг нэгт нэгэн залуутай холбоо тогтоон уулзсан байв. Тус хотод Угандагийн 150 орчим иргэн байдаг гэсэн Японы Засгийн газрын мэдээлэл байна.
Ийнхүү Жулиусыг Токио дахь тус улсын Элчин сайдын яамаар дамжуулан эх оронд нь аюулгүй буцаан авчрах тухай Угандагийн олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Биатрис Аякору мэдэгджээ. Ямар нэгэн саад учрахгүй бол түүнийг Лхагва гаригт эх оронд нь буцаан авчрахаар төлөвлөсөн аж.
Харин Угандагийн Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ Жулиусын үйлдэл нь эх орноосоо урвасанд тооцогдох бөгөөд хүнд ялтай гэдгийг онцолжээ. Тус улсын хуулиар эх орноосоо урвасан хэрэгт бүх насаар нь шоронд хорих эсвэл цаазаар авах хүртэл хүнд ялтай. Харин Жулиусийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь хараахан тодорхойгүй байна.
Улсынхаа нэрийн өмнөөс дэлхийн болон олон улсын уралдаан, тэмцээнд олон удаа оролцож, байр эзэлсэн Жулиус өмнө нь Австрали улсад болсон спортын наадмын үеэр орогнол хүсч, өргөдөл гаргаж байжээ. Тухайн үед Австралид тэмцээнд оролцохоор ирсэн олон зуун тамирчин орогнол хүсч өргөдөл гаргасан ч олонход нь татгалзсан хариу өгсөн аж. Түүнээс өмнө 2014 онд Угандагийн регбигийн хоёр тамирчин Шотландад тэмцээний үеэр сураггүй болж, дараа нь орогнол авч чадсан байв.
Жулиус 2000 оны наймдугаар сарын 7-нд Угандагийн Кампала дахь Мугало эмнэлэгт төрсөн. Түүний өсч, торнисон нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл байхгүй боловч зарим эх сурвалжууд хангалуун гэр бүлд өссөн хэмээн мэдээлжээ.