Статистик: Мах, махан бүтээгдэхүүний үнэ 18.8 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Статистик: Мах, махан бүтээгдэхүүний үнэ 18.8 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.


ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 1.9 ТЭРБУМААР ӨСЧЭЭ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.2 (29.2 %) их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцах 119.6 (5.1%) тэрбум төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.1 (74.2%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 3.8 (34.8%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.   Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны зургадугаар сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 898.9 (4.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.8 (10.3%) их наяд төгрөгөөр өссөн байна.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5 (49.7%) их наяд төгрөг нь иргэдийнх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны зургадугаар сарын эцэст 16.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.1 (7.3%) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (10.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны зургадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 119.8 (9.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 182.7 (18.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсжээ.   Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны зургадугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67.9 (3.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 37.1 (1.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурчээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2021 оны зургадугаар сард 2849.12 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар суларч, өмнөх сараас 0.02 хувиар чангарсан байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2021 оны зургадугаар сард 443.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар суларсан байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2021 оны зургадугаар сард 39.27 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар чангарч, өмнөх сараас 2.0 хувиар суларсан байна.

ТӨСӨВ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 6.4 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна.  Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн  тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөг буюу 51.3 хувиар буурсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.6 хувийг татварын орлого, 11.8 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна. Татварын нийт орлого 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (49.3%) их наяд  төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 928.6 (2.0 дахин) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 392.1 (41.1%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 208.4 (26.5%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 166.4 (56.5%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 105.6 (31.4%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 30.9 (8.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны зургадугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 89.4 (7.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд хөрөнгийн зардал 66.4 (54.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ ӨСӨВ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь,  өмнөх оны эцсээс 7.0 хувь,  өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2  хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард өмнөх оны эцсээс 7.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.4 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.8 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.9  хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургадугаар сард 7.2 хувь, 2019 оны зургадугаар сард 8.3 хувь, 2020 оны зургадугаар сард 2.8 хувь гарч байсан бол 2021 оны зургадугаар сард 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр нэмэгдсэн байна.  Инфляцын түвшин 2021 оны узргадугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу 54.5 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.Инфляц 2021 оны зургадугаар сард 6.6 хувь гарсны 37.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Улаанбаатар хот:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2021 оны 6 дугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 8.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өслөө.

Аймаг:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 3.7-8.7 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 6 дугаар сард Өвөрхангай аймагт 3.7 хувиар өссөн нь хамгийн бага, Баян-Өлгий аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн их байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 368.0 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ

Монгол Улс 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 138 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.1 тэрбум америк доллар, импорт 3.3 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 (39.4%) тэрбум америк доллароор, экспорт 1.3 (45.4%) тэрбум америк доллароор, импорт 801.0 (32.6%) сая америк доллароор тус тус өсжээ.Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний хагас жилд 368.0 сая америк долларын ашигтай байсан бол 2021 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 482.2 сая америк доллароор өсөж, 850.2 сая америк долларын ашигтай гарлаа.

БНХАУ-тай 2021 оны эхний хагас жилд 5.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68.0 хувийг эзэлж байна. Экспорт 2021 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллароор өсөхөд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 267.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 571.8 сая америк доллар, нүүрсний экспорт 337.5 сая америк доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 801.0 сая америк доллароор өсөхөд улаан буудайн импорт 41.5 сая америк доллар, ачааны автомашины импорт 163.0 сая америк доллар, дизелийн түлш 58.1 сая америк доллар, суудлын автомашины импорт 24.2 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 640.4 МЯНГА ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 20.8 сая (70.0%) нь 2021 оны эхний хагас жилд төллөсөн байна. Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 2.4 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (82.4 хувь) саяар нэмэгдсэн байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 1297.5 мянга, хонь 843.0 мянга, үхэр 144.8 мянга, адуу 87.1 мянган толгой, тэмээ 15.0 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 54.3 хувийг ямаа, 35.3 хувийг хонь эзэлж байна. Улсын хэмжээнд 2021 оны долдугаар сарын 1-ний байдлаар 640.4 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 422.9 мянган га-д, техникийн ургамал 97.1 мянган га-д, таримал тэжээл 89.4 мянган га-д,   төмс 19.8 мянган га-д, хүнсний ногоо 9.9 мянган га-д, бусад ургамал 1.2 мянган га-д тариалсан байна.

Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 103.5 (19.3%) мянган га-гаар өссөн байна.

УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛАЛТ ӨСЧЭЭ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (38.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 (41.5%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 652.2 (42.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2021 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр алт, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, чулуун нүүрс, хайлуур жонш болон газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеэс 0.9 хувиас 2.4 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, 99%, гурил, шохой, самнасан ноолуур, согтууруулах ундаа, цемент, шингэн сүү, метал бэлдэц, нүүрсэн шахмал түлш, малын мах, янжуур тамхи, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.6 хувиас 3.0 дахин өссөн байна.  Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, гар ариутгагч, спирт, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4-76.6 хувиар буурсан байна.  Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 12.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 (60.7%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 3.9 (84.1%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 7.8 их наяд төгрөг буюу 64.8 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

ТЭЭВЭР

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2021 оны эхний хагас жилд 28.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 5.6 (24.4%) сая тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 4.0 (47.5%)  сая тонноор өссөн нь  голлон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2021 оны эхний хагас жилд 27.0 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.8 (56.3%) сая хүнээр буурсан байна. Зорчигчдын тоо буурахад авто тээврээр зорчигчид 33.7 (55.5%) сая хүнээр буурсан нь голлон нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврийн орлого 2021 оны эхний хагас жилд 675.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.5 (5.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Авто тээврийн орлого 25.4 (13.8%) тэрбум төгрөг, төмөр замын тээврийн орлого 26.6 (7.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь бүх төрлийн тээврийн орлого өсөхөд нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж