Covid-19-ийн халдвартай нь батлагдсан индонези эрэгтэй эхнэрийнхээ дүрд зүсээ хувирган нисэх онгоцонд суух гэж байгаад баривчлагджээ. Толгойноосоо хөл хүртлээ биеэ халхалсан никаб өмссөн тэрбээр “Citilink” агаарын тээврийн орон нутгийн нислэгээр Жакартагаас Тернате руу нисэхээр онгоцонд суусан байжээ.
Тэрбээр нисэхийн өмнө шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарсан бол эхнэрийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан аж. Тиймээс тэрбээр эхнэрийнхээ иргэний үнэмлэх болон шинжилгээний хариуг ашиглан Жакарта дахь Халим Пердана Кусума нисэх онгоцны буудалд нисэх онгоцонд суусан аж.
Гэвч түүнийг нисэх онгоцны угаалгын өрөөнд орж, никабаа тайлан эрэгтэй хүний хувцас өмсөөд гарч ирснийг нь онгоцны үйлчлэгч ажиглан мэджээ. Улмаар онгоцны үйлчлэгч энэ тухай удирдлагууддаа мэдэгдсэн байна. Ийнхүү газар дээр нь ажиллаж байсан эрүүл мэндийн ажилтан түүнээс дахин шинжилгээ авч, хариу нь эерэг гарчээ. Үүний дараа Covid-19 –ээс хамгаалах хувийн өмсгөлтэй багийнхан түүнийг түргэн тусламжийн машинаар гэрт нь (Тернате хотод) аваачиж тусгаарласан байна. "Түүнийг тусгай хэсгийн офицерууд хянах болно" гэж Индонезийн албаныхан мэдээлжээ. Түүнчлэн тусгаарлах хугацаа нь дуусмагц түүнийг хийсэн хэрэгт нь яллах гэнэ.
Индонезид өнөөдрийн байдлаар Covid-19-ийн гурван сая шахам тохиолдол бүртгэгдэж, 74,920 хүн нас бараад байна.
Тус улсад вакцинжуулалт удаашралтай байгаа ба одоогийн байдлаар нийт хүн амын дөнгөж 6 орчим хувь нь л бүрэн вакцинд хамрагдсан байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Т.ЭРДЭНЭБАЯР
Холбоотой мэдээ