Төвөдийн нийслэл Лхас хотыг өндөр хурдны төмөр замд холбосон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэхүү төмөр зам нь Лхасыг 423 км зайтай оршдог Төвөдийн автономит мужийн Ниньчи хоттой холбогдож байна. Ниньчи-Лхасын хооронд өмнө нь автомашинаар таван цаг зорчдог байсан бол одоо 3.5 цаг зарцуулдаг болжээ. Зорчигч тээвэрлэхээс гадна жил бүр 10 сая тонн ачаа бараа тээвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Уг төмөр замыг зургаан жилийн хугацаанд 36.6 тэрбум юань буюу 5.6 тэрбум ам.долларын хөрөнгөөр барьжээ.
Энэ замаар зорчих “Fuxing” цахилгаан галт тэрэг нь цагт 160 км хурдлах чадвартай бөгөөд 300 км/цаг хурдалдаг Хятадын бусад галт тэрэгнүүдтэй харьцуулахад удаанд тооцогдож байна. Гэвч төмөр замынх нь 90 хувь нь далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт, цаг уурын эрс тэс нөхцөлд байдаг Төвөдийн хувьд энэ нь хангалттай хурд юм.
“Fuxing” галт тэрэг нь цаг агаарын эрс тэс уур амьсгалд зохицож, цахилгаан болон дотоод шаталтын хос хөдөлгүүрээр ээлжлэн ажилладаг аж.
Хятад улсад дэлхийн хамгийн том өндөр хурдны төмөр замын сүлжээ байдаг. Нийт 9,356 км төмөр замтайгаас Бээжин-Гуаньжоугийн шугам нь дэлхийн хамгийн уртад тооцогддог. Уг өндөр хурдны төмөр зам 2,298 км урт юм.
Эх сурвалж: Xinhua, Vision Times
Холбоотой мэдээ