Тайландын хаант засаглалд төгсгөл ирсэн үү? | News.MN

Тайландын хаант засаглалд төгсгөл ирсэн үү?

Тайландын хаант засаглалд төгсгөл ирсэн үү?

Тайландын хаант засаглалд төгсгөл ирсэн үү?

Тайланд улсад өнгөрсөн оноос хойш удаа дараа жагсаал цуглаан гарч, залуус өөрчлөлт шинэчлэлтийг хүсч буйгаа илэрхийлж байна. Тайландын ардчиллыг дэмжигч залуучуудын зохион байгуулж буй жагсаал цуглааны гол шаардлага нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хэмжээлшгүй эрхт хаант засаглалын эрх мэдлийг хумих, Ерөнхий сайд Прают Чан-Очаг огцруулах юм. Тайландад Covid-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан жагсаал цуглааныг хориглосон боловч энэ онд хэд хэдэн удаа нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөлөө. Ялангуяа, Ерөнхий сайд Прают Чан-Очагийн засгийн газар цар тахлын үед менежментгүй муу ажилласан гэж ард иргэд дүгнэж, огцруулахыг шаардаж байна. Жагсаал цуглаан гарах бүрт Тайландын засгийн газраас цэрэг, цагдаагийн хүчээр дарж, олон хүнийг баривчилж байна.

“Бид одоо л гарч ирж, жагсахгүй бол бидэнд цаашид ийм боломж гарч ирэхгүй, бүр амьд үлдэх ч үгүй” хэмээн нэгэн жагсагч сэтгүүлчдэд мэдэгджээ. Жагсаал Тайландын нийслэл дэх Ардчиллын хөшөөний хажууд эхэлсэн ба зохион байгуулагчид “N95” маск, мэс заслын бээлий, гар ариутгагч, борооны цув тарааснаар эхэлсэн байна. Түүнчлэн цуглаан өргөжих үед халдвараас сэргийлэн зарим хүмүүс мотоцикл, автомашинтайгаар жагсаалд оролцож эхэлжээ. Тайландад өнгөрсөн амралтын өдрөөр жагсаал, цуглааныг дарахаар 2500 орчим  цагдаагийн алба хаагч хууль сахиулах үүрэг гүйцэтгэжээ. Тэд жагсагчидтай мөргөлдөж, даралттай ус, нулимс асгаруулагч хий, резинэн сум зэргийг ашигласан нь олон хүнийг гэмтээсэн байна. Бангкок хотноо цар тахлаас сэргийлэх зорилгоор 5-аас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглосон учир жагсаалыг хүчээр тарааж байгаа аж.

[/caption]Цар тахлын энэ хүнд үед Тайландын Засгийн газар covid-19-ийн эсрэг вакцин импортлох зэрэг нэн шаардлагатай арга хэмжээг хангалттай авч чадахгүй байгаа хэр нь хаант засаглал, цэргийн хүчийг зузаатгахад төсвөө зарцуулж байгааг жагсагчид ихээр эсэргүүцэж байна. Тайландад өнгөрсөн амралтын өдрөөр нэг өдөрт 11400 шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахал гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Улмаар Тайландын засгийн газраас шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч, орон нутгийн онгоцны нислэгүүдийг зогсоож, шөнийн цагаар хөл хорио тогтоосон. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт өсч, эдийн засгийн хямрал ч  гүнзгийрч байна. Тус улсад цар тахлын улмаас олон хүн амиа алдаж байгаа ч засгийн газрын нээлттэй бус байдлаас болж тоог нь дарж байгаа гэж иргэд үзэж байгаа аж. Тус улсад нас баралтын 90 хувь нь энэ оны дөрөвдүгээр сараас хойш гарчээ. Гэтэл тус улсад вакцинжуулалтыг хангалттай зохион байгуулсан  бол нас баралтыг бууруулах боломжтой байсан гэж тэд үзэж байна. Тайландад Хятадын Синовак үйлдвэр болон Их Британи-Шведийн хамтарсан Астра-Зенека компанийн гаргасан вакцинуудыг хэрэглэж байгаа. Астра-Зенека вакциныг Тайландын хааны эзэмшлийн компани өнгөрсөн зургадугаар сараас  тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэж эхэлжээ. Гэвч вакцин үйлдвэрлэлт анх төлөвлөсөн тоо хэмжээнд хүрэхгүй, шаардлага хангахгүй байгаа ба иргэд эзэн хааныгаа вакцины мөнгийг угааж байна хэмээн харджээ.

Тайландын хаан Маха Вачиралонгкорн эцгээ 2016 онд өөд болсны дараа Чакри гүрний 10 дахь Рама хаан болсон билээ. Түүний эцэг хамгийн олон жил Тайландын төрийг барьсан эзэн хаан байсан ба ард түмэндээ хайрлагдсан нэгэн байв. Гэтэл Маха хаан эсэргээрээ ард түмний дургүйцлийг төрүүлж, хүлээн зөвшөөрөгдөж чадсангүй. Маха хаан дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд мөрийтэй тоглоомд дуртай, наргих цэнгэх дуртай нэгэн юм. Түүнчлэн биеэ зохисгүй авч явдаг, этгээд үйлдэл олон гаргадаг нь гадаадын шар хэвлэлүүдийн бай болж, Тайландын хаант засаглалыг ичгүүрт хутгасан. Тиймээс Залуус Тайландын шинэ хааныг хамгийн ихээр шүүмжлэн, уламжилж ирсэн эзэн хааны бүрэн эрхт байдлыг өөрчилж, илүү ардчилсан засаглалтай болохыг шаардаж байгаа аж. Нөгөө талд Тайландад онц байдлын хуулиар далимдуулан хааныг шүүмжилсэн аливаа хүнийг 15 хүртэл жил шоронд хорих ял оноож байгаа зэрэг нь хамгийн ихээр шүүмжлэл дагуулж байна. Түүнчлэн хэт үрэлгэн хаант засаглалд татвар төлөгчдийн мөнгийг ихээр төсөвлөж буй нь ч шүүмжлэл дагуулж эхэлжээ. Тайландад хэмжээлшгүй эрхт хаант засаглалыг халах тунхаглалыг 1932 оны зургадугаар сарын 4-нд анх гаргасан боловч өнгөрсөн 89 жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй байна. Анхдугаар Рама хаан 1782 онд анхдугаар хаан болж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зо 2021-07-21 139.5.217.85

Анхдугаар Рама хаан 1782 онд анхдугаар хаан болж байжээ

Avatar

Зочин 2021-07-21 66.181.161.29

Таиланд бол "хэмжээгүй эрхт хаант" (абсолют монархи) улс биш, парламентын засаглалт Хаант улс!!! Хаан нь манай Ерөнхийлөгчтэй төсөөтэй, билэгдлийн шинжтэй. Рама IX хаан гэж одоогийн хааны эцэг нь 20-р зууны эхэнд туйлын ядуу "цагаан будааны" улсыг орчин үеийн супер хөгжилтэй улс болгож чадсан гавьяатай хүн учраас ард түмэндээ бурхан мэт хүндлэгдэж байсан. 2016 онд өвгөн хаан өөд болж, хүү нь хаан болсон, энэ нөхөр жаахан овилгогүй хүн учраас Хаант засгийн нэр хүнд унаад байгаа юм!!!

Avatar

ВАНГА 2021-07-21 64.119.18.13

Тайландын супер хөгжил ч гэж юу байхав. Гэхдээ, хятад тайланд 2 жил тутам орлогоо 1000 доллараар нэмэгдүүлж байна. нэг хүн тутамд шүү дээ. Тиймээс, саяхан ердөө 3,4 жилийн өмнө Монгол 4 мянган доллар хүрэхэд Тайланд 5.8 мянган доллар байсан. Энэ байдлаар монгол тайландыг гүйцэх нь гэж харж байтал. манайх нэмэгдэхгүй сүүлийн 6 жил болж баайхад тайланд одоо 8 мянган доллар гараад явчихлаа. Хятад 10 мянган доллар гарчлаа. Бүр оросын урд гарчихсан. Орос 10 мянган доллар гэхдээ хятадын ард бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж