Тайланд улсад өнгөрсөн оноос хойш удаа дараа жагсаал цуглаан гарч, залуус өөрчлөлт шинэчлэлтийг хүсч буйгаа илэрхийлж байна. Тайландын ардчиллыг дэмжигч залуучуудын зохион байгуулж буй жагсаал цуглааны гол шаардлага нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хэмжээлшгүй эрхт хаант засаглалын эрх мэдлийг хумих, Ерөнхий сайд Прают Чан-Очаг огцруулах юм. Тайландад Covid-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан жагсаал цуглааныг хориглосон боловч энэ онд хэд хэдэн удаа нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөлөө. Ялангуяа, Ерөнхий сайд Прают Чан-Очагийн засгийн газар цар тахлын үед менежментгүй муу ажилласан гэж ард иргэд дүгнэж, огцруулахыг шаардаж байна. Жагсаал цуглаан гарах бүрт Тайландын засгийн газраас цэрэг, цагдаагийн хүчээр дарж, олон хүнийг баривчилж байна.
“Бид одоо л гарч ирж, жагсахгүй бол бидэнд цаашид ийм боломж гарч ирэхгүй, бүр амьд үлдэх ч үгүй” хэмээн нэгэн жагсагч сэтгүүлчдэд мэдэгджээ. Жагсаал Тайландын нийслэл дэх Ардчиллын хөшөөний хажууд эхэлсэн ба зохион байгуулагчид “N95” маск, мэс заслын бээлий, гар ариутгагч, борооны цув тарааснаар эхэлсэн байна. Түүнчлэн цуглаан өргөжих үед халдвараас сэргийлэн зарим хүмүүс мотоцикл, автомашинтайгаар жагсаалд оролцож эхэлжээ. Тайландад өнгөрсөн амралтын өдрөөр жагсаал, цуглааныг дарахаар 2500 орчим цагдаагийн алба хаагч хууль сахиулах үүрэг гүйцэтгэжээ. Тэд жагсагчидтай мөргөлдөж, даралттай ус, нулимс асгаруулагч хий, резинэн сум зэргийг ашигласан нь олон хүнийг гэмтээсэн байна. Бангкок хотноо цар тахлаас сэргийлэх зорилгоор 5-аас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглосон учир жагсаалыг хүчээр тарааж байгаа аж.
Тайландын хаан Маха Вачиралонгкорн эцгээ 2016 онд өөд болсны дараа Чакри гүрний 10 дахь Рама хаан болсон билээ. Түүний эцэг хамгийн олон жил Тайландын төрийг барьсан эзэн хаан байсан ба ард түмэндээ хайрлагдсан нэгэн байв. Гэтэл Маха хаан эсэргээрээ ард түмний дургүйцлийг төрүүлж, хүлээн зөвшөөрөгдөж чадсангүй. Маха хаан дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд мөрийтэй тоглоомд дуртай, наргих цэнгэх дуртай нэгэн юм. Түүнчлэн биеэ зохисгүй авч явдаг, этгээд үйлдэл олон гаргадаг нь гадаадын шар хэвлэлүүдийн бай болж, Тайландын хаант засаглалыг ичгүүрт хутгасан. Тиймээс Залуус Тайландын шинэ хааныг хамгийн ихээр шүүмжлэн, уламжилж ирсэн эзэн хааны бүрэн эрхт байдлыг өөрчилж, илүү ардчилсан засаглалтай болохыг шаардаж байгаа аж. Нөгөө талд Тайландад онц байдлын хуулиар далимдуулан хааныг шүүмжилсэн аливаа хүнийг 15 хүртэл жил шоронд хорих ял оноож байгаа зэрэг нь хамгийн ихээр шүүмжлэл дагуулж байна. Түүнчлэн хэт үрэлгэн хаант засаглалд татвар төлөгчдийн мөнгийг ихээр төсөвлөж буй нь ч шүүмжлэл дагуулж эхэлжээ. Тайландад хэмжээлшгүй эрхт хаант засаглалыг халах тунхаглалыг 1932 оны зургадугаар сарын 4-нд анх гаргасан боловч өнгөрсөн 89 жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй байна. Анхдугаар Рама хаан 1782 онд анхдугаар хаан болж байжээ.
Холбоотой мэдээ