Асуудал маргаан дагуулсан Токио 2020 зуны 32 дахь олимпийн наадам өнөөдөр /2021.07.21/ хөлбөмбөг болон софтболын төрлүүдээр эхэлж байна. Энэ удаагийн олимпод 206 улсын 11 мянга гаруй тамирчид 33 спортын 339 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорино.
Япон Улсын ерөнхий сайд Сүга Ёшихидэ парламентдаа хэлсэн үгэндээ “Токиогийн олимп бол хүн төрөлхтөн цар тахлыг ялсан бэлгэ тэмдэг байх болно” хэмээн хэлж байв.
ХОЙШЛОГДСОН АНХНЫ ОЛИМП
Дайны жилүүдэд цуцлагдаж байсан олимпийн наадам өнгөрсөн жил түүхэндээ анх удаагаа нэг жилээр хойшилсон. Covid-19 цар тахлын улмаас олимпийн эрх олгох тэмцээнүүд цуцлагдаж, Канад, Австрали тэргүүтэй улс орнууд ч баг тамирчдаа олимпод илгээхгүй гэдгээ мэдэгдсэн учир зохион байгуулагч Япон улс болон Олон улсын олимпийн хороо 100 хувь санал нэгтэйгээр олимпоо хойшлуулсан.
Олимп нэг жилээр хойшлоход 5.8 сая ам.долларын зардал гаржээ.
Олимпийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гарсны дараа Япон улс гэлтгүй дэлхий даяар халдварын байдал хүндэрч, вирусийн олон шинэ хувилбарууд дэлгэрсэн. Ийм учраас хойшилсон олимпийг бүрмөсөн цуцлах яриа эрчимтэй гарсан. Япон дахь вакцины ажил удаашралттай, үүний хажуугаар ард түмэн нь олимпийг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж байв. Гэвч зохион байгуулагчид олимпийг 2021 онд хийнэ гэдгээрээ хийхээр болж, хилийн чанадаас ирэх баг тамирчдад тавих хараа хяналтаа чангатгаж, цэнгэлдэхэд үзэгчгүй явуулахаар болсон.
Олимпийн албан ёсны түнш "Тоyota" корпораци цар тахлын тархалт нэмэгдэж, олон нийтийн зүгээс олимпийг ихээр эсэргүүцэж байгаатай холбоотойгоор наадмын телевизийн сурталчилгааг ивээн тэтгэхээс татгалзсан.
ТАВАН ШИНЭ СПОРТ, ГУРВАН ШИНЭ СПОРТЫН ТӨРӨЛ
Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт скейтборд, сөрфин, спорт авиралт, софтбол(бейсбол), карате гэсэн таван шинэ спорт, 3х3 сагсан бөмбөг, буухиат дугуйн уралдаан, дугуйн чөлөөт үзүүлбэр гэсэн гурван спортын шинэ төрөл нэмэгдэж байна.
Бейсболыг нь эрэгтэй тамирчид, софтболыг нь эмэгтэй тамирчид тоглодог.
Олимпийн наадамд шинээр багтаж буй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өрсөлдөнө. Сүүлийн үед цахим орчинд эмэгтэй шигшээ багийн гишүүдтэй холбоотой элдэв яриа гарсан. Үүний хариуд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны албаны хүмүүс мэдэгдэл хийж, багийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйчийн сорилууд, тоглолтын системын сурц, сорил тэмцээнүүдэд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтүүд дээр тулгуурласан гэдгийг онцолсон.
МОНГОЛ ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ ОЛОН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ОЛИМПОД ИЛГЭЭНЭ
Монголын 43 тамирчин олимпийн 10 спортод өрсөлдөнө. Хамгийн олон буюу 12 тамирчин жүдогийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннис, 3х3 сагсан бөмбөг зэрэг спортын төрөлд анх удаагаа баг тамирчдаа илгээж байна. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна.
Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.
Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийн өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.
АЛБАНЫ ЁСНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БААСАН ГАРИГТ
Өнөөдөр софтбол, хөлбөмбөгийн спортуудаар олимпийн наадам маань эхэлж байгаа хэдий ч албан ёсны нээлтийн үйл ажиллагаа энэ долоо хоногийн Баасан гаригт Токио хотын олимпийн цэнгэлдэхэд явагдана. Наадмыг нээж Японы эзэн хаан Нарүхито үг хэлнэ. Японы өдөр тутмын сонин Асахи Шимбүний мэдээлж буйгаар нээлтийн үйл ажиллагаанд баг тамирчид, албаныхан, олимпийн ивээн тэтгэгчид, Олон улсын олимпийн хорооны гишүүд, зохион байгуулагчид гээд 10 мянга гаруй хүн оролцохоор болсон аж.
Энэ жилийн олимпийн наадам эмэгтэйчүүдийн тэгш оролцоог дээдэлж буйгаараа онцлогтой. Энэ ч утгаараа улс орон бүр нээлтийн үйл ажиллагаанд нэг эрэгтэй, нэг эмэгтэй туг баригчидтай оролцоно. Монгол Улсын туг баригчдаар О.Хулан болон Ө.Дүүрэнбаяр нар сонгогдсон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ олимпийн нээлтийн өдөр Япон улсад айлчилж таарна.
Саяхан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин олимпийн наадмын нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены оронд түүний эхнэр Жилл Байден оролцох аж. Мөн “Toyota” болон “Panasonic” корпорациудын ерөнхийлөгч нар нээлтэд оролцохгүй гэжээ.
ХОЙД СОЛОНГОС, САМАО УЛСУУД ОЛИМПОД ОРОЛЦОХГҮЙ
Цар тахлын улмаас олимпод оролцохгүй болсон хоёр улс байгаа нь Хойд Солонгос болон Самао. Хойд Солонгос олимпод орохгүй гэдгээ мэдэгдсэн анхны улс болсон бол Самао улс эхний ээлжийн баг тамирчдаа Токио руу илгээсэн хойно энэ талаар мэдэгдсэн. Үүнээс гадна олон супер одууд олимпийг өнжиж байна. Жишээлбэл, Рафаэль Надал, Серена Уильямс, Дастин Жонсон, Неймар, Килиан Мбаппе, Мохамед Салах зэрэг одууд өөрсдийн хүсэлтээр олимпийн наадамд оролцохоос татгалзсан бол Рожер Федерер, Кристиан Тэйлор, Дэвид Рудиша нар гэмтлийн улмаас, Жастин Гэтлин, Мо Фарах, Симоне Мануэл зэрэг олимпийн аваргууд эрхээ авч чадаагүй учир оролцохгүй. Мөн Сүн Ян, Дилшод Назаров, Алистайр Браунлий, Кристиан Көүлмэн, Олег Верняев тэргүүтэй олимпийн аваргууд допинг болон бусад шийтгэлийн улмаас Токиод очихгүй.
Төрийн дуулал, төрийн далбаагаа олимпод ашиглах боломжгүй болсон Оросын тамирчид олимпийн хорооныхоо туган дор жагсч, суут Пётр Чайковскийгийн аяан дор алхана.
Холбоотой мэдээ