Халдварыг хумих биш "дельта" хувилбарыг дотоодод алдчихлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

Халдварыг хумих биш "дельта" хувилбарыг дотоодод алдчихлаа

Халдварыг хумих биш "дельта" хувилбарыг дотоодод алдчихлаа

“Covid-19” цар тахлын “дельта” хувилбар дэлхий нийтийг дахин сандаргаж эхлэв. Өнөөдрийн байдлаар уг хувилбар 114 улсад бүртгэгджээ. Цаашид Covid-19-ийн "дельта" хувилбар эрүүл мэндийн тогтолцоо муутай, вакцинжуулалтын хамрагдалт багатай улс орнуудад нэмэгдэх төлөвтэй байна гэж ДЭМБ-аас анхааруулж байгаа юм.

Ердөө гурван сая хүн амтай, эрүүл мэндийн салбар нь хөгжөөгүй Монгол Улсын хувьд Covid-19-ийн "дельта" хувилбар дотоодод бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал байв. Гэтэл өнөөдөр цөөхөн монголчууд аль хэдийн уг хувилбараар өвдөөд эхэлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас анхааруулж, салбарын сайд нь өчигдөр /2021.07.20/ мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Халдварын тархалт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд тогтвортой байна.

Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1500-аас доош байна. Гэсэн ч судалгаа шинжилгээний үр дүн эхнээсээ гарч, хүн амын дунд Covid-19-ийн "дельта" хувилбарын гурван тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос Covid-19-ийн "дельта" хувилбар бүртгэгдсэн. Мөн гаднын улс орнуудад илгээсэн сорьцуудад "дельта" хувилбар илэрсэн.

Өнөөдрийн байдлаар нийт өвчлөлийн дийлэнх нь "альфа" хувилбар байна. Гэсэн ч Covid-19-ийн "дельта" хувилбар хөрш орнуудад бүртгэгдэж хөл хорио тогтоох хүртэл арга хэмжээг авсан. "Дельта" хувилбар нь  “альфа”-гаас илүү халдварлах чадвар өндөртэй, эмнэлзүйн шинж тэмдэг нь богино хугацаанд илэрдэг” гэсэн юм.

Үүнээс өмнө Covid-19-ийн "дельта" хувилбарын зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдсэн болохыг эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байв.  Мөн хэдхэн хоногийн өмнө "дельта" хувилбарыг хумьсан тухай эрх баригчдын мэдээлэл ч олны анхаарлыг татаж байсан юм. Гэтэл бид өнөөдөр дотоодод "дельта" хувилбарыг алдсныг эрүүл мэндийн салбар нь хүлээн зөвшөөрлөө. Хэрэв хүн амын дунд “дельта”  хувилбарын  нэг л тохиолдол бүртгэгдвэл нийгэмд маш хурдан тархах аюултайг ч мэргэжилтнүүд сануулж байсан юм.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн “Монголд Covid-19 халдварын "альфа" хувилбар түгээмэл тархсан энэ үед "дельта" хувилбар нийгэмд тархах өндөр эрсдэлтэй. Учир нь, хилээр нэвтэрч буй иргэдийг тусгаарлахгүй байна. Гэрийн хяналт маш сул. Хэрэв нэг л хүн "дельта" хувилбараар өвдвөл хэдхэн сарын дотор нийгэмд тархах эрсдэлтэй” хэмээсэн. 

Иргэдийн хувьд Энэтхэгт анх бүртгэгдсэн "дельта" хувилбарыг Монголд ажиллахаар ирсэн тус улсын 60 иргэнтэй  холбон  хардаж байв. Учир нь, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тусгай үүргийн нислэгээр Монголд ажиллахаар Энэтхэгээс 60 мэргэжилтэн ирсэн. Тэднийг Дорноговь аймагт тусгаарлах хугацаанд ихэнх нь Covid-19 халдвартай нь батлагдсан юм. Харин хүн амын дунд бүртгэгдсэн гэх "дельта" хувилбарын эх үүсвэр нь хаанаас вэ? гэх асуулт тавигдах ёстой. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр одоогоор эх үүсвэрийг нь тогтоохоор тандалтын багийнхан ажиллаж байгаа аж.

Тэгвэл хүн амын дунд “дельта” хувилбар бүртгэгдэхээс ч өмнө эмч мэргэжилтнүүд, судлаачид хөд хөдөлгөөнөө хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ чангаруулах, хилээр нэвтэрч буй иргэдээ тусгаарлахыг эрх баригчдад зөвлөж байв. Гэвч тэдний үгийг “нохой хуцсан” дайны тоогоогүй. Улсын онцгой комисс мэргэжилтнүүдийн “хилээр нэвтэрч байгаа иргэддээ тусгаарла” гэх  олон удаагийн  хариуд нь “Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй. Хил дээр болон гэрт нь шинжилгээ авна” гэх үгээр “амыг  нь тагласан”. Нөгөөтэйгүүр, аялал амралт, баяр наадмын өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч ёстой л “Covid-19-гүй зун” шиг байлаа. Гэвч хөл хөдөлгөөн ихсэхийн хэрээр халдварын тархалт нэмэгдэж,  Covid-19-ийн “дельта” хувилбар гарах цаашлаад монголчуудын биед вирус мутацилагдахыг ч үгүйсгэхгүй гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн сануулсаар ирсэн.

Сovid-19-ийн “дельта” хувилбар нь халдварлах чадвар илүү өндөр, илүү аюултай. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Халдварт олон хүн өртөх тусам вирус мутацилагдаж, амьдрах чадвараа сайжруулдаг. "Дельта" бол хамгийн сүүлд Энэтхэгээс мутацилагдсан, халдварлах нь их, үхэл, нас баралт өндөртэй” гэдгийг сануулж байсан юм. Үхлийн аюулд ч хүргэж болзошгүй уг хувилбараас сэргийлэх хамгийн энгийн найдвартай арга нь өнөөдөр дэлхий дахинд амны хаалтаа зүүх, вакцинд хамрагдах болжээ. Вакцинд хамрагдснаар “дельта”  хувилбарын хүндрэл, нас барах эрсдэлээс урьдилан сэргийлэх боломжтойг ч эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж