“Эрүүл мэнд чухал ч хичээл, сургуулиа нэгдүгээрт тавих цаг болсон"

Хуучирсан мэдээ: 2021.07.21-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэнд чухал ч хичээл, сургуулиа нэгдүгээрт тавих цаг болсон"

“Эрүүл мэнд чухал ч хичээл, сургуулиа нэгдүгээрт тавих цаг болсон"

Наадмын дараа намар гэдэгчлэн тун удахгүй хичээлийн шинэ жилтэй золгох гэж байна. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд сурагчид зайнаас суралцлаа. Тэд будаг нь ханхалсан ширээ сандал, инээд хөөр цангинасан багш хамт олноо үгүйлж байгаа. Өөрөөр хэлбэл цар тахлын нөлөөнд хамгийн их хохирч буй хүмүүс бол сурагчид.

Хүүхдүүд хоёр жил теле хичээл үзсэн  ч улсын хэмжээнд хичээлийн хоцрогдолтой 174 мянган хүүхэд бий гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд сүүлийн хоёр хичээлийн жилд дунджаар нийт хугацааны 50 орчим хувийг зайн, теле хичээлээр явуулаад байгаа юм. Үндсэндээ дэлхийн улс орнуудад цар тахал нүүрлэсэн ч тэд боловсролын салбараа умарталгүй, сурагчдад хохирол багатай даван туулж байна.

Харамсалтай нь, манай улсад боловсролын салбарт үүссэн хичээлийн хоцрогдлыг нөхөхгүй бол ирээдүйд бүхэл бүтэн “харанхуй” үе гарч ирэх эрсдэлтэй юм. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар, зөвхөн covid-19-тэй холбоотой хичээлийн хоцрогдлоос үүдэн Монголын эдийн засагт ирээдүйд хоёр их наяд төгрөгийн бодитой хохирол үүснэ гэж дүгнэсэн байна.

Салбар яамнаас ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орохоор бэлтгэж байгаа гэдгийг онцолсон. Иймээс бид сургууль, эцэг эхчүүд, сурагчид хичээлийн шинэ жилд бэлэн эсэх талаар сурвалжиллаа.

ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ТАНХИМААР ХИЧЭЭЛ ЭХЛҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА

БШУЯ-наас есдүгээр сарын 1-нд танхимаар хичээл эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа.

Энэ тухай БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

Сургууль хичээл эхлүүлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Тийм учраас бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ есдүгээр сарын 1 гэхэд “Covid-19”-ийн нөхцөл байдал сайжрах уу, эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд эрт байна. Одоогоор 12-17 насны хүүхдийн 70 орчим хувь, ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь вакцины хоёр дахь тунгаа аваад байна.

Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна.

Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид цар тахалтай дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэв.

ХАЛДВАРГҮЙТЭЛ АРИУТГАЛАА МӨРДӨӨД СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛ ГЭВЭЛ БИД БЭЛЭН БАЙГАА

Сургуулиуд дархлаажуулалтын цэг болоод удаж буй. Хотын төвийн хэд хэдэн сургуулиар орж бэлтгэл ажилтай танилцлаа. Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль, зургадугаар сургууль, 31 дүгээр сургуулиар ороход сургууль хаалттай, багш ажилчид амарсан учраас хүн байхгүй байна гэдэг тайлбарыг өгч байлаа. Харин хувийн сургуулиуд хэдийнээ сурагчдаа хүлээн авахад бэлэн болсноо дуулгаж байна. Тэд хичээлийн шинэ жилийн элсэлтээ хавраас эхлүүлжээ. 

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Р.ЭНХБАТ:

-Эцэг эх, багш сурагчид, бүгдээрээ хичээл сургууль танхимаар ороосой гэж хүсч байна. Сургуулийн хувьд бэлтгэл ажил хангагдсан. Бидний хамгийн санаа зовоож буй асуудал бол вакцинжуулалтын асуудал байна. Одоогоор 12 хүртэлх насны хүүхдүүд вакцинд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл долдугаар ангийн хүүхдүүд вакциндаа хамрагдчихлаа. Тэрнээс доош ангийн хүүхдүүд эрсдэлтэй байна. 1-6 дугаар ангийн хүүхдүүд эрсдэлтэй нөхцөлд байна. Төр засгаас ямар шийдвэр гаргах нь уу. Түүнийг баримталж ажиллана. Манай сургууль 3600 гаруй хүүхэдтэй. 2020-2021 оны хичээлийн жилд ихэнхдээ онлайнаар хичээллэсэн. Сургуулийн хувьд хичээлийн танхим, сургалтын орчны бэлтгэл бүрэн хангагдсан. Айхтар засвар хийгээд байх шаардлага гарахгүй байна. Хамгийн гол нь вакцинжуулалтын асуудал шийдэгдээд халдваргүйтэл ариутгалаа мөрдөөд сургалтын үйл ажиллагаа явуул гэвэл бидний хувьд бэлэн байгаа.

ЦАР ТАХАЛТАЙ ДАСАН ЗОХИЦОХ ЁСТОЙ

Есдүгээр сарын 1-ээс хичээл эхлэхийг дэмжих үү?

Есдүгээр сарын 1-ээс хичээл эхлэхийг дэмжих үү?https://news.mn/r/2454236/

Posted by News.mn on Tuesday, July 20, 2021

Иргэдийн зүгээс ирэх хичээлийн жилийг танхимаар хичээллүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч Монгол Улсад тавхан секундын дотор бусдад халдах чадвартай, дельта хувилбар хүн амын бүртгэгдсэн нь ирэх намар хичээл танхимаар эхлэх эсэх нь эргэлзээ дагуулж эхлэв.

Л.ТӨР-ОД:

-Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Ер нь олон улсын туршлагыг харгалзах нь зүйтэй байх. Хамгийн зохистой нь хичээлийг цалгардуулахгүйгээр танхимд олон хүүхэд бөөгнүүлэхгүй байх нь зөв. Зарим сургууль, хоёр гурван ээлжээр хичээллэдэг. Үүнийг зогсоогоод ялангуяа цар тахал болон дараах үед нэг ээлж рүү шилжих хэрэгтэй. Нэгдүгээрт, хүүхдийн бөөгнөрлийг багасна, хоёрдугаарт хүртээмжийг дээшлүүлэх байх. Ер нь бол холимог буюу хагас танхим, хагас цахимаар явуулсан нь дээр. Мэдээж хэрэг цар тахлын нөхцөл байдал сайжрахаас хамаараад хичээлийг танхимаар оруулсан нь зөв.

Ч.ГАН-ОЧИР:

Вакцин хийлгэсэн хүүхдүүд хичээлд орох нь зөв байх. Нэгээс тавдугаар ангийнхан танхимаар орно гэхэд хэцүү. Тэгэхээр бага анги нь онлайнаар ороод вакцин хийлгэсэн хүүхдүүд танхимаар орох хэрэгтэй.

С.ГАНЧИМЭГ:

Нөхцөл байдалтайгаа уялдаад одоо дасан зохицох ёстой. Хичээл орохгүй бол хүүхдүүдийн ирээдүй хэцүү болж байна. Сургуулийн насны хүүхэдгүй ч гэсэн бусад хүмүүсийг харахад онлайн хичээл үр дүнгүй байгаа нь харагдаж байна. Зөвхөн нэг талаа бариад бусад салбараа хаяад байгаа юм болов уу. Хүүхдүүдийнхээ боловсролыг анхаарах, нэгдүгээрт тавих цаг болсон байх. Хэдий эрүүл мэнд чухал ч гэсэн дэлхий даяараа зохицож амьдарч байна.

 

Н.ЖАВХЛАН:

-Танхимаар хичээллэх нь зөв. Одоо учраа олоод амьдрах хэрэгтэй. Дор бүрнээ өвчин тусахгүйг хичээн амьдрах хэрэгтэй. Хүчээр өвчин тусгаад байгаа биш. Сахилга бат чухал байна. Бусад орнуудын жишгээр явахгүй бол болохгүй байх. Танхимаар ороосой гэж дэмжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж