Орон сууцны талбайд оройн цагаар сагс тоглож байсан залуучуудыг цагдаагийн алба хаагчид баривчилж буй бичлэг долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед цахим сүлжээнд тавигдсан. Уг үйл явдлыг иргэд өөр өөрсдийнхөөрөө дүгнэж, олон нийтийн сүлжээнд талцаж байгаа юм. Болсон үйл явдлын талаар тухайн үед сагс тоглож байгаад баривчлагдсан Г.Балсандоржоос тодрууллаа.
-Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэл үзүүлсэн учраас баривчлагдсан гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн. Бодит байдал дээр юу болсон юм бэ?
-Болсон үйл явдлын талаар олон нийтийн сүлжээнд маш их сэтгэгдлүүд гарч байна. Тухайн үед 23:00 цаг өнгөрч байсан. Оройн цагаар орон сууц, нийтийн эзэмшлийн талбайд эргүүл хяналт тавьж ажилладаг гэдгийг хүн бүр мэднэ. Тэр орой ч мөн бид нарыг тоглож байхад эргүүлийн цагдаа машинаасаа бууж ирж шаардлага тавьсан. Гэхдээ хууль дүрмийн дагуу биш. Учир нь бид оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж байгаагаа ойлгоод тарах гэж байхад тэр цагдаа “Хөөе, чи наад бөмбөгөө аваад ир, ахын дүү бөмбөгөө өг” гэх мэтчилэн үгс хэлж, албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа хүний хувьд бидэнтэй харьцаагүй. Бид тарлаа гэж хэлэхэд бөмбөг булааж авах гэж оролдсон. Тэр үл ойлголцлоос болж хажууд байсан хүмүүсийн нэг нь бичлэг хийсэн. Гэхдээ цахим сүлжээнд байгаа бичлэгт болсон явдлын хэсэг нь л байгаа. Бичлэгт гарч байгаа үйл явдал болохоос өмнө олон зүйл болсон.
Тухайлбал, талбай дээр найман хүн байсан. Бүгдээрээ ойлголоо, одоо тарлаа гэсэн ч нэг цагдаа нь бөмбөг аваад ир гэхээр нь "Яагаад танд бөмбөгөө өгөх ёстой юм" гэдгээс болж маргалдаж, намайг гавласан. Түүнээс болж би цагдаагийн хэлтэст очиж, мэдүүлэг өгч алба хаагчийн шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр 250 мянгаар торгуулахаар болсон.
Байрны гадаа сагс тоглолоо гээд гавласан
"Сагс тоглох гэж гараад шаардлага биелүүлээгүй гээд гавлуулсан" https://news.mn/r/2454232/
Posted by News.mn on Tuesday, July 20, 2021
-Ганцхан өөрийг чинь баривчилсан гэлээ. Эсэргүүцэл үзүүлсэн учраас баривчилсан гэж ойлгож болох уу. Хэчнээн цаг цагдаагийн байгууллагад саатуулагдсан бэ?
-Цагдаагийн ерөнхий газраас хэвлэлүүдэд өгсөн мэдээлэлдээ шаардлага тавиад хүлээж аваагүй учраас баривчилсан гэж мэдээлсэн. Намайг мэдүүлэг өгөх гээд цагдаагийн хэлтэст очиход тухайн цагдаа нь ч бусдадаа тэгж худал хэлсэн. Гэтэл мэдүүлэг авах цагдаа нь “Тэгвэл наад залуу чинь эрэн сурвалжлагдаж байгаа хүн юм биш үү, шаардлага биелүүлээгүй бол оргон зайлсан этгээд байж магадгүй” гэх мэтчилэн зүйлсийг хэлсэн. Тэгээд мэдүүлэг ч авалгүй, регистрийн дугаараар хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгачихаад одоо явж болно гэсэн.
Хорьж, саатуулсан зүйл бол болоогүй.
-Таны хувьд гомдолтой байна уу. Цагдаагийн байгууллагаас өөрийг чинь мэдүүлэг өг гэж хэлсэн үү?
-Миний хувьд гомдолтой байгаа. Шүүхэд зохих ёсны дагуу өргөдөл өгнө. Иргэн хүнд шаардлага тавьж байгаа цагдаагийн алба хаагчдад харилцааны хувьд алдаа байгаа санагдсан. Мөн бидний хувьд ч шөнө оройн цагаар айлуудын амар тайван байдлыг алдагдуулсан нь буруу. Гэхдээ нийтийн эзэмшлийн тоглоомын талбайг орон сууцнуудын гол хэсэгт анх барих нь буруу байсан. Бид өдрийн халуун наранд гарч тоглож чадахгүй, орой сэрүүн орохоор 2-3 цаг тоглож байгаа. Гэхдээ хүмүүс нялх хүүхэдтэй, тарцгаа гэвэл шууд л тарчихдаг. Харин тухайн шөнө цагдаагийн алба хаагчид бидэнд хуулийн энэ заалтын дагуу иргэн гомдол гаргасан учир шаардлага тавьж байна гэж хэлэхгүйгээр шууд л хүнийг захирч, сургах гэж байгаа юм шиг харьцсан нь бидэнд таалагдаагүй.
Хэрэв оройн цагаар олон нийтийн талбайд тоглож болохгүй гэдэг заалт байдаг бол түүнийг бичсэн самбарыг цагийн хуваарьтай нь хамт тавих хэрэгтэй.
Covid-19 гээд хөл хорионд удаан хугацаанд байсан. Дээрээс нь хичээл, сургууль орохгүй удсан учраас хүүхэд, залуучууд бүгд л цуглахыг хүсч байгаа. Мэдээж заримдаа оройтох үе байдаг. Гэхдээ тухайн үед алба хаагч битгий хэл иргэн шаардлага тавьсан ч хүлээж авдаг.
Орой нь цахим сүлжээнд тавигдсан бичлэгийг баривчилсан цагдаа маргааш нь залгаж наад бичлэгээ устгахгүй бол хоёулаа хөтлөлцөөд шүүхээр л явна. Холбогдох хэрэг чинь томорно гэдэг утгатай зүйлс хэлсэн. Үнэндээ би тэр бичлэгийг хийгээгүй. Хажууд байсан хүн хийсэн.
Тэр бичлэгээс харахад бид эсэргүүцэл үзүүлсэн мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр цагдаагийн алба хаагч зохисгүй үйлдэл гаргасан. Мөн анх Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэж байсан бол дараа нь цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 250 мянгаар торгоно гэсэн. Миний хувьд тэр торгуулийг төлөхгүй. Харин ч холбогдох хууль дүрмийн дагуу явна гэж бодож байгаа. Шөнийн цагаар хотхоны дунд барилга барьж байгаа том оврын машинуудыг болиулж чаддаггүй байж тоглоомын талбайд тоглож байсан намайг баривчилна гэдэг бол ойлгомжгүй санагдаж байна.
Ямар ч эцэг, эх хүүхдээ бөмбөг барьж гарч явчихаад гавлуулаад ороод ирнэ гэж төсөөлөхгүй биз дээ. Тиймээс тоглоомын талбайн асуудлыг ч холбогдох хүмүүс нь анхаарах ёстой. Зөвхөн манай байрны энд биш шүү дээ. Нийслэлийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал. Үүнээс болоод өнөөдөр би хуулийн хүрээнд хариуцлага хүлээхээр боллоо. Дараагийн удаа өөр хүүхэд, залуус ч ингэж баривчлагдахгүй байх гэсэн баталгаа алга байна.
Холбоотой мэдээ