Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Засгийн газрын ээлжит хурал 2021 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Нийт хүн амын 64.8 хувь вакцины нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг 2,510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна.

2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм.

Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулна

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 40,420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9,000 орчим багш, ажилтнууд оролцоно. 7,600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Эрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянган тн, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тн байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5.9 мянган тн сайжруулсан шахмал түлшний нөөц байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.

Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ.

Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар тус тус өссөн байна. Нийт импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн байна.

Засгийн газрын хуралдааны үеэр цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих ажлын хэсэг байгуулах, Экспорт болон Үндэсний орон сууцжуулалтыг дэмжих хууль боловсруулахыг Ерөнхий сайд танхимын гишүүддээ үүрэг болголоо. Мөн намрын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж