Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Monday, July 19, 2021
НЭМЭЛТ: 15:10
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ.
ЭЕШ-ЫГ ИРЭХ САРЫН 19-22-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, товыг хэлэлцсэн юм.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн байсан. Хэрэв анх товлосон хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулсан бол 40 мянган хүүхдийн 10 мянга нь халдварт өртөх эрсдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, шалгалт өгөх дөрвөн хүүхэд тутмын нэг нь шалгалт өгөх боломжгүй байсан. Нэг том эрсдэл нь дельта хувилбар ямар эрсдэл дагуулахыг хэлж мэдэхгүй. Цаашид Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
ХАМГИЙН СҮҮЛД ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН 3 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Халдварын тархалт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд тогтвортой байна. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1400-аас доош байна. Гэсэн ч судалгаа шинжилгээний үр дүн эхнээсээ гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод нэг тохиолдолд Covid-19 халдварын дельта хувилбар бүртгэгдсэн. Зургадугаар сарын 15-аас өмнөх шинжилгээгээр 5 сорьцод дельта хувилбарын зөөвөрлөгдсөн хувилбар бүртгэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар нийт 3 тохиолдол бүртгэгдээд байна. Бид Япон руу 200 сорьц, АНУ руу сорьц илгээсэн. Гэхдээ зарим шинжилгээний хариу гараагүй байна. Дельта хувилбар 114 улсад бүртгэгдэж халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Ер нь зургадугаар сарын 15-аас өмнөх сорьцод 80-90 хувь нь альфа хувилбар давамгайлж байсан. Үлдсэн 10 хувь нь бусад хувилбар байгаа.
ЭКСПОРТЫН ГАЦАА УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ УЛСЫН ТӨСӨВТ ЦОХИЛТ БОЛНО
Сангийн яамнаас Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар танилцууллаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлсэн гурван төрлийн зээл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 3 их наяд 183.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Зээлийн гол зорилго нь эдийн засгаа сэргээх, ажлын байрыг хадгалах. Энэхүү төлөвлөгөөг 10 их наядын хөтөлбөр биелүүлж байна гэж бид үзлээ. Өнгөрсөн долоо хоногт 3.1 их ная төгрөгийн зээлийн хүрээнд 204.290 мянган ажлыг байрыг хамгаалж чадлаа. Гурван төрлийн зээлийг тус бүрээр нь задалбал,
- Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл энэ онд 2 их наядын зээл олгогдоно. Одоогоор 1 их наяд 701.5 тэрбумыг нийт 22660 зээлдэгчид олгожээ. Ингэснээр 91582 ажлын байрыг дэмжсэн байна.
- Төв банкнаас нийт 593 тэрбумын зээл гаргажээ. Үүнд 2645 зээлдэгч хамрагджээ. Нийт 26069 ажлын байрыг хамгаалжээ.
- Ипотекийн зээлийн хүрээнд 512 тэрбумын зээлийг олгожээ. Нийт 6710 өрх хамрагджээ. Үүний нөлөөгөөр Барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж байна.
Эдийн засаг энэ оны эхний улиралд 15 хувиар өссөн дүнтэй байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад 3 хувийн өсөлттэй байна. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна. ААНОАТ энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн НӨАТ-ын орлого өсч цар тахлын өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин нэмэгдсэн нь орлогод нөлөөлсөн. Хэдийгээр эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсан ч улсын төсөвт эрсдэл байгаа юм. Цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудын нөхцөл байдал хүндэрч экспорт хоёр сар “тэг” зогслоо. Урд хөрш ачаа тээвэр хүлээн авахгүй гэж мэдэгдсэнээр хил дээр ачаа бараа овоорох, ачаа тээвэрлэлт гацах, экспорт зогсох зэрэг олон асуудал үүслээ. Долдугаар сард ч бас экспорт бага хэмжээтэй байгаа юм. Ийм нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл улсын төсөвт багагүй цохилт авна. Тиймээс хилийн боомтуудын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас боломжтой бүх арга хэмжээг авч байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ачаа тээвэр болон тээврийн машины жолооч нарыг урд хөрш рүү хил нэвтрүүлэхгүйгээр хилийн бүсийн зоонд чингэлэг ачаа тээвэр буулгах шинэ терминалын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэхүү терминалыг наймдугаар сард ашиглалтад оруулж, Гашуун сухайт Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байна.
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ХУУЛИЙГ САНААЧИЛНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаар хийсэн. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. Манай улсын хувьд авлигын индексийн дүнгээр 2020 онд 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.
Төрийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй чирэгдлийг бууруулах, e-mongolia платформ руу авлигын мэдээллийг хүлээн авах булан бий болгоно. Ажлын хэсгийнхэн долоо хоног бүр төрийн байгууллагуудад үнэлэлт өгнө. Иргэдэд чирэгдэл учруулж байгаа төрийн албан хаагч, удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болно. Мөн авлигатай тэмцэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан Шүгэл үлээгчийн хуулийг санаачилна. Мөн улс төрийн намуудын тухай хуулийг санаачлах шаардлага бий. Манай ажлын хэсэг өргөн цар хүрээтэй юм. Түүнчлэн авлигад хамгийн их идэгдсэн байж болзошгүй салбар төрийн болоод орон нутгийн өмчит компаниуд байдаг. Иймээс эдгээр компаниудыг улс төрөөс хэрхэн хараат болгох вэ гэдэгт арга хэмжээ авна. Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг долоо хоног бүр хуралдаж байхаар болсон. Ажлын хэсгийн явцыг Засгийн газарт тайлагнаж байхаар болсон.
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.20/ болж байна. Хуралдаанаар Элсэлтийн Ерөнхий шалгалтын /ЭЕШ/ товыг хэлэлцэж байгаа аж.
Дашрамд сануулахад, энэ жил улсын хэмжээнд 40 мянган шалгуулагч ЭЕШ өгөх юм. Мөн энэ жилийн элсэлтийн шалгалт долдугаар сарын 1-4-ны хооронд зохион байгуулагдах ёстой байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон билээ.