Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Олимпийн наадам эхлэх өдөр буюу энэ сарын 23-нд Токиод анх удаа биечлэн уулзахаар төлөвлөөд байсан билээ. “Токио 2020” олимпийн наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын Ерөнхий сайдтай нэг цаг орчим үргэлжлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байв. Гэтэл Сүга олимпийн нээлтэд оролцох гадаадын төрийн тэргүүн тус бүртэй 15 минутын хугацаанд уулзахаар төлөвлөснөө зарласан. Гэсэн ч Өмнөд Солонгосын тал найдвар тавин уулзалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн базааж байсан юм.
Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд оролцохгүй болсон талаар өчигдөр /2021.07.19/ мэдээлэв.
Дээрх уулзалт зохион байгуулагдвал талууд Дэлхийн II дайны үед Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан зугаацуулагч эмэгтэйчүүд гэгдэх хятад, солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар болон тухайн үед Японд албадан хөдөлмөр эрхлүүлж байсан солонгос ажилтнуудын асуудлыг хөндөхөөр төлөвлөж байв.
Хоёр улсын удирдагчид анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулснаар хурцадмал харилцаагаа сайжруулна гэсэн найдвар ийнхүү тасарч байна гэж шинжээчид дүгнэж байна. Ирэх оны тавдугаар сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Мүн Жэ Иний засаглалын үед хоёр улсын харилцаа хэвийн болох эсэх нь ингээд эргэлзээтэй болж байна гэв.
Өмнө нь 2018 онд болсон Пёнчаны Олимпийн наадмын үеэр Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо БНСУ-д айлчилж байсан. Уг айлчлалыг хүндэтгэж, талархаж буйн илэрхийлэл болгон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японд айлчилна гэж эрх баригчид найдаж байв.
Хоёр улсын харилцаа сүүлийн үед хурцадмал байна. Нэгнийхээ эсрэг экспортын хориг тавьж, газар нутгийн маргаан үе үе сөхөгдөж байна. Саяхан олимпийн наадмын бамбарыг аялуулах газрын зурагтаа Япон улс Такешима арлыг өөрийн газар нутаг мэтээр дүрсэлсэн нь ээлжит зөрчлийг үүсгэсэн юм. Өмнөд Солонгосын тал Докдо гэж нэрлэдэг далай дундах хос хадан хясааг өөрийн газар нутагт тооцож, харуулын пост байрлуулсан байдаг.
Хамгийн сүүлд Япон улсын Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар ёс бус үг хэлсэн нь байдлыг улам дордуулсан юм.
Сөүл дэх Элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “JTBC” телевизэд ярилцлага өгөхдөө хоорондын харилцаагаа сайжруулахаар хичээж буй Өмнөд Солонгосын талын хүчин чармайлтыг “гар хангалга хийж өөрсдийгөө зовоож байна” хэмээн ярьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Күн тус улс дахь Япон улсын Элчин сайд Койчи Айбошитай уулзахдаа Сомагийн хэлсэн дипломат бус, бүдүүлэг үг хэллэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зохих арга хэмжээ авахыг шаарджээ. Элчин сайд Койчи Айбоши өөрийн орлогч Хирохиса Сомад донгодох арга хэмжээ авсан тухайгаа мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ажлын албаны эх сурвалж "Япон улстай яриа хэлэлцээ хийх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно" гэж мэдэгдээд, хоёр удирдагч уулзах өөр нэг боломж гарна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.Харин Мүн Жэ Ин Японд айлчлахгүй гэсэн шийдвэрийн хариуд Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ сэтгүүлчдэд хэлэхдээ "Япон улс тогтвортой байр суурийг үндэслэн Өмнөд Солонгосын талтай үргэлжлүүлэн нягт харилцаа холбоо тогтооно" гэв.
Мөн Японы дипломатчийн увайгүй үг Мүн Жэ Иний шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар асуухад Суга “Сөүлийн шийдвэр гаргах үндэслэлтэй холбоотой тайлбар өгөх боломжгүй байна” гэж хариулжээ.
Гэхдээ тэрбээр “Энэ нь дипломат ажилтны хувьд маш зохисгүй мэдэгдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, дипломат ажилтан нь ийм зүйл ярьсанд харамсаж буйгаа илэрхийлсэн” байна. Японы эрх баригчид тухайн ажилтныг огцруулахаар төлөвлөж байна гэж “Киодо Ньюс” агентлаг Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалж: Straitstimes
Холбоотой мэдээ