Токио 2020: Хүлээлт үүсгээд буй залуу тамирчид

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио 2020: Хүлээлт үүсгээд буй залуу тамирчид

Токио 2020: Хүлээлт үүсгээд буй залуу тамирчид

Бид та бүхэндээ энэ удаагийн Токио-2020 олимпийн наадамд оролцож буй онцлох залуу тамирчдыг танилцуулж байна. Зарим тамирчдын хувьд бүхий л амьдралынхаа туршид олимпийн наадамд оролцох гэж хөдөлмөрлөдөг бол эдгээр залуу тамирчид замналынхаа эхэн үед эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпод өрсөлдөхөд бэлэн болжээ. 


Скай Браун

Нас – 13

Улс – Их Британи

Спорт – Скейтборд

Энэ жилийн олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтаж буй спортын нэг төрөл бол скейтборд. Шинэ урбан спортын төрлийг дагаж, шинэ залуу тамирчид дэлхийд танигдах цаг нь иржээ. Тэдний нэг бол 12 настай Скай Браун. Жил гаруйн өмнө өндрөөс унаж толгойдоо гэмтэл авсан ч тэрбээр аав ээжээсээ зөвшөөрөл авч, олимпод оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Скай Браун Их Британиас олимпод оролцсон хоёр дахь залуу тамирчин болно.

Анх “Youtube”-ээс бичлэг үзэж, скейтбордыг сонирхож эхэлсэн Скай 10 насандаа мэргэжлийн тамирчин болж, 2019 онд скейтбордыг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ.

Скай алдарт Nike компанийн нүүр царай билээ.


Томоказү Харимото

Нас – 17

Улс – Япон

Спорт – Ширээний теннис

Японы ард түмэн Томоказү Харимотог олимпийн алтан медаль авна гэж найдаж байгаа. Хэдий тэрбээр 17 настай ч хангалттай туршлага суусан нэгэн. Дэлхийн цом, залуучуудын олимп, Азийн аварга, Их дуулгын тэмцээн, залуучуудын ДАШТ гээд медаль хүртээгүй тэмцээн гэж бараг үгүй. Түүнийг ширээний теннисний төрөлд ноёрхлоо тогтоосон Хятадуудыг зогсоох ганц боломжит хүн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Томоказү Харимотогийн эцэг эх Хятад гаралтай бөгөөд Чжан Жихе 2014 онд Хятадын иргэншлээс татгалзаж, Японы иргэншил авч, нэрээ Томоказү Харимото болгожээ.


Ариарне Титмус

Нас – 20

Улс – Австрали

Спорт – Усан сэлэлт

Австрали улс олимпийн наадмын усан сэлэлтийн төрөлд үргэлж хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Тус улсын олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн 10 тамирчны ес нь усан спортын тамирчид. Тэгвэл тэдгээр агуу тамирчдын үргэлжлэл бол Ариарне Титмус. Өдгөө 20 настай тэрбээр олимпийн наадмын эрх олгох тэмцээний 200м, 400м, 800 метрийн төрлүүдэд бүгдэд нь түрүүлсэн. Мөн 200м, 800м-д Австралийн рекордыг шинэчлэн тогтоосон.

Австраличууд нийтдээ 58 олимпийн алтан медалийг усан сэлэлтийн төрлөөс авч байжээ.

Терминатор хочит Титмус 2019 оны ДАШТ-аас хоёр алтан медаль хүртэж байв.


Хенд Заза

Нас – 12

Улс – Сири

Спорт – Ширээний теннис

Токио 2020 олимпийн наадамд оролцох хамгийн залуу тамирчин бол Хенд Заза. Тэрбээр ердөө 11 настай байхдаа олимпийн наадмын эрх авсан гэх гайхалтай намтартай. Бүр эрх авахдаа таван тоглолт хийж, дөрөвт нь ялалт байгуулсан. Хэдийгээр эх оронд нь дайн самуунтай хэцүү байгаа ч Заза охин бэлтгэл сургуулилтаа нэг ч өдөр алгасалгүй, ард түмэндээ итгэл найдвар бэлэглэхээр хичээж байна.

Сири улс хамгийн сүүлд 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртэж байжээ.


Эдуардо Камавинга

Нас – 18

Улс – Франц

Спорт – Хөлбөмбөг

Европын аваргад оролцсон Францын шигшээ багт багтаж чадаагүй Эдуардо Камавинга олимпод оролцохоор болсон. Олимпийн наадмын хөлбөмбөгийн төрөлд 23-аас доош насны залуу тамирчид голцуу оролцох заалттай учир олны анхаарлыг татах нь харьцангуй бага. Топ тоглогчид, шилдгүүд ч оролцох нь цөөхөн. Тиймээс энэ удаагийн олимпод оролцож буй хамгийн шилдэг тамирчдын нэг нь яалтчгүй Камавинга болоод байна. Түүнтэй хамт Францын олимпийн багт АС Миланы Пьерре Калулу, Арсеналын Уиллиам Салиба зэрэг тоглогчид багтжээ.

Европын том багуудын анхааралд өртөж яваа Камавинга энэ олимпоор гангарч, зах зээлийн үнээ өсгөх, том багт очих зорилгоо биелүүлэх биз ээ.


Такэрү Китазоно

Нас – 18

Улс – Япон

Спорт – Уран сайхны гимнастик

Япон улс нутаг дээрээ зохион байгуулж буй олимпдоо олон залуу тамирчдыг оролцуулж байгаа. Тэдний нэг бол 18 настай Такэрү Китазоно. Тэр бол уран сайхны гимнастикийн төрөлдөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Тодруулбал, 2018 оны залуучуудын олимпоос таван алтан медаль, 2019 оны залуучуудын ДАШТ-ээс гурван алтан медаль тус тус хүртсэн.


Каролине Дубойс

Нас – 20

Улс – Их Британи

Спорт – Бокс

Дөнгөж 20 настай хэдий ч мэргэжилтнүүд түүнийг боксын спортын түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй боксчдын нэг болно гэж хардаг. Лондоноос гаралтай Каролине Дубойсын хувьд 2018 оны залуучуудын олимп, 2019 оны залуучуудын Европын боксын аваргад тус тус түрүүлсэн. Мөн түүнийг BBC-ийн зүгээс оны шилдэг залуу тамирчнаар шалгаруулж байв. Одоогоор тэрбээр рингэнээ нийт 37 тулаан хийж, 35 ялж, хоёрхон ялагдаад байна.

Түүний ах Даниел Дубойс мэргэжлийн боксын тамирчин бөгөөд өдгөө WBA холбооны аваргын түр бүсийг эзэмшиж байна.


Жессика Гуо

Нас – 15

Улс – Канада

Спорт – Туялзуур сэлэм

Токиогийн олимпийн албан ёсны нээлтийн өдөр 16 нас хүрэх Жессика Гуо багаасаа тодорсон тамирчин. Тэрбээр ердөө 13 настайдаа насанд хүрэгчдийн дэлхийн цомын тэмцээнд оролцож, шилдэг 32 тамирчны нэгээр тодорч байв. Харин 14 насандаа Пан Америкийн наадамд томчуудтай өрсөлдөж, хоёр мөнгөн медаль хүртэж байжээ.

2021 оны дөрөвдүгээр сард олимпийн чансаа хаагдахад Гуо хөнгөн сэлэмний төрөлд дэлхийд 15-д бичигдсэн аж.

Торонтогоос гаралтай түүний хувьд Францад зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд Америкийн алдарт Лий Кьеферийг ялж, шуугиан тарьж байсан түүхтэй.

Токиогийн олимпод оролцох Монголын багт ч 2000-аад оны залуу тамирчид бий. Тодруулбал, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх 2001 оны Б.Хонгорзул, ширээний теннисний төрөлд өрсөлдөх 2002 оны Б.Болор-Эрдэнэ, жүдогийн төрөлд өрсөлдөх 2001 оны Л.Сосорбарам.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж