
Монголын Парламентын гишүүдэд Ботсваны талаар товч танилцуулахдаа Матамбо сайд Ботсван 1966 онд тусгаар тогтнолоо олсон, дэлхийн хамгийн ядуу 25 орны нэг гэж тооцогдож байсан, Засгийн газрын төсөв нь Их Британийн өгдөг тэтгэлэг дээр тогтдог байсан талаар ярьсан. 1970-аад онд тус улсаас алмаазны орд илэрсний дараа үүнээс олсон орлогоо эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, ус, эрүүл мэнд, бүх нийтийн боловсрол, замын сүлжээнд зориулсан байна. Түүнчлэн хөдөө аж ахуйгаа тэргүүн салбар гэж хөгжүүлжээ. Энэ стратегийн ачаар тус улсын эдийн засаг 1970-аас 1990-ээд оны хооронд эрс хурдацтай хөгжжээ.
Алмаазны орлогоос нэмэгдэн орж ирсэн орлого цаг хугацааны явцад улам бүр нэмэгдсэн бөгөөд тэд энэ орлогын зарим хэсгийг ирээдүйдээ зориулан хадгалдаг болсон байна. Энэ орлого нь улам бүр өссөн бөгөөд 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар 8.3 тэрбум ам.доллар болоод байгаа нь 19 сарын импорттой тэнцэнэ гэнэ. Ботсванын сайд Монголын гишүүдэд уул уурхайн орлогоос орж ирэх орлогонд хөөрч болохгүй. Баян болж байна гэж хөөрч олсон орлогоо үргүй зарцуулахын оронд эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Т.Бадрах