Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үү?

Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үү?

Цар тахлын улмаас бүтэн хоёр жил гэртээ “хоригдсон” хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол төдийгүй олон зүйлээр хохирч буй. Ялангуяа сурч мэдэх эрхээ хязгаарлуулсан сурагчдын хичээлийн хоцрогдлыг давтлагаар нөхөөд ч арилгаж чадахгүй биз ээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зүгээс ерөнхий боловсролын сурагчдын хичээлийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч эл шийдвэр хойшлогдсон.

Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нд танхимын сургалтыг нээж хичээлийн шинэ жил эхлэх үү аль эсвэл дахин цахимаар хичээллэх үү гэдэг нь өнөөдрийг хүртэл эргэлзээ дагуулсаар байна. Ямартай ч энэ жил танхимын сургалтыг нээж, хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр Боловсрол шинжлэх ухааны яамнаас төлөвлөжээ.

Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2021.07.19/мэдээлэхдээ “Хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ Covid-19-ийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан.

Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна.

Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид цар тахалтай дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа” гэсэн юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай саналаа Улсын онцгой комисст хүргүүлээгүй байгаа аж. Мөн Улсын онцгой комисс ч эл асуудлыг хэлэлцээгүй байгаа юм. Хэдийгээр салбарын сайд нь есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ гэдгийг мэдэгдсэн ч Улсын онцгой комиссоос “Энэ жил танхимын хичээлийг нээх эсэх нь халдварын нөхцөл байдлаас шалтгаална” гэх мэдээллийг өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Улсын онцгой комисс Боловсрол шинжлэх ухааны яамны саналыг дэмжлээ ч халдварын нөхцөл байдал хүндхэн байвал дахин теле хичээлийг эхлүүлэхээс өөр сонголтгүй бололтой.

Бодит байдал дээр теле хичээл ч танхимын сургалтыг орлож, хүүхдүүдийн хичээлийг хоцрогдлыг нөхөж бас нийгэмшүүлж чадахгүй. Хүүхдүүдийн хувьд нэг хэсэг нь теле хичээлээ алдаг оног үзэж байхад нөгөө хэсэг нь огт хичээлгүй, хоцорч байна. Цахим интернет, эрчим хүчний хангалт, оршин суугаа байршил зэрэг олон хүчин зүйлсээс болж 174 мянган хүүхэд зайнаас суралцаж чадаагүй. Гэтэл XXI зуун гарсан өнөө үед мянга мянган хүүхэд цахимаар хичээллэж чадахгүй байгаа нь харамсалтай. Үүнээс харахад л  танхимын сургалтыг теле хичээлээр орлуулсан ч хангалтгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Цар тахлын өнөөгийн нөхцөлд цэцэрлэг, сургуулийг хаасан ч хүүхдүүд гэртээ халдвар авч бас нийгмийн идэвх оролцоогүй болж байна. Ердийн үе шигээ өдөр бүр анги танхимд цуглаж, найз нөхөдтэйгөө уулзахгүй гэртээ хоригдох болсноор гадаа ч гарах эрхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь өдийд Засгийн газар, Улсын онцгой комисс нь чимээгүй “дүмбийж  иргэдээ эргэлзүүлэх биш аль хэдийн шийдвэрээ гаргасан байх учиртай. Хичээлийн шинэ жил хаяанд тулсан байхад бид цар тахлаас “эмээж” хөл хорихоос илүүтэй дасан зохицож танхимын сургалтаа нээх цаг нь болоод байна.

Танхимын хичээлийг ирэх есдүгээр сарын 1-нд эхлүүлэхийг дэмжих үү?

65.2%
34.8%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж