Дугуйтай иргэд, өсгийт өмссөн эмэгтэйчүүд хотын төв зам дагуу явган хүний зорчих хэсгээр алхах аргагүй болжээ. Унадаг дугуй унасан хүмүүс нь машин зам руу орж явахаас өөр сонголтгүй байсан бол одоо алхаж байгаа иргэд ч автомашины замаар захлан явж байгаа харагдана. Урин дулаан цагт унадаг дугуй унах иргэдийн тоо ихэсдэг ч тэр хэрээр өөрсдийгөө эрсдэлд оруулах нь нэмэгддэг.
Дугуйн зам хийх гэсээр шороон замтай өвөлжих үү?
Дугуйн зам хийх гэсээр шороон замтай өвөлжих үү?https://news.mn/r/2453851/
Posted by News.mn on Monday, July 19, 2021
Улаанбаатарт автозамын төлөвлөлтийг анхнаасаа зөв менежментээр хийгээгүйгээс болж өнөөдөр шинээр дугуйн замыг төлөвлөх гэсэн ч боломжгүй болсон тухай албаны хүмүүс онцолдог билээ. Гэхдээ ийн хэлдэг ч жил бүр дугуйн зам тавих нэрийдлээр улсаас тодорхой хэмжээний төсөв санхүүжилт баталдаг. Тэгвэл тэрхүү батлагдсан төсвөөр хийгдэх ажил хугацаандаа амжиж дуусах уу гэдэг нь анхаарал татаж байна.
Хотын төв зам дагуу хэсэг, хэсэгхэн газарт байрладаг ногоон өнгийн тэмдэглэгээ нь элэгдсэн дугуйн зам. Явган хүний замыг хувааж гаргасан тус хэсгээр дугуйтай иргэд зорчих боломж хомс. Гэсэн ч нийслэлээс автозам засварын ажлын хүрээнд тодорхой байршлуудыг сонгон авч явган хүний замыг хуулан шинээр дугуйн замтай хослуулан хийх ажлыг эхлүүлсэн ч ахиц огт гарахгүй зуны хоёр сар шороон дээгүүр дэмий алхсан тухай иргэд хэлж байв.
Өнгөн хэсгийг нь хуулчхаад үндсэн ажилдаа орохгүй зуны улирлыг элээж буй нийслэлийн дугуйн замын ажилд хэн хяналт тавьдаг нь олон хүний сонирхлыг татна.
ДОЛООН ХУВИЙН ЯВЦТАЙ Ч ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД БҮРЭН ДУУСАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ
Дугуйн замын төслийг хариуцаж буй албаны хүмүүсээс тодруулахад, энэ онд хоёр багц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дугуйн замын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ажлын явц одоогоор долоон хувьтай байгаа аж.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил тавдугаар сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр нь “Драгон бриж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл ажиллаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хянаж буй юм байна. Ажил нь эхлээд хоёр сарын хугацаа өнгөрөхөд долоохон хувийн явцтай байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд дугуйн зам байгуулсан ч зарим хэсэгтээ тасрах, мухардах асуудал гардаг. Энэ жилийн хувьд аль болох замыг тасалдуулахгүй байдлаар зураг төслийг хийжээ. Гэвч зураг төсөл нь тасалдаагүй ч бодит байдал дээр биелээгүй төлөвлөлт харагдаж байгаа юм.
Тухайлбал, багц хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км замын ажлын явц хуучин байсан явган хүний замыг нь хуулснаас өөр ахицгүй байгааг бид тухайн хэсэгт очиж харлаа. Автозамын баруун, зүүн хэсгээр явган хүний замын хажуугаар зэрэгцүүлэн хийхээс гадна зарим тохиолдолд автозамаас шалтгаалан замын дундах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргахаар төлөвлөж шороон зам болгожээ. Энэ жилийн хувьд ганцхан дугуйн зам гаргах биш амрах цэг, гэрэлтүүлэг гээд тохижилтыг шийдэж, цогцоор нь хийхээр төлөвлөөд хугацаандаа амжаагүй өнгөрсөн жилийн зураг төслийн ажлыг ч үргэлжлүүлнэ хэмээн тооцоолсон албаны хүмүүсийн төлөвлөгөө дахин хойшлох янзтай болжээ.
ИРГЭДЭД ЭЭЛГҮЙ, ДУГУЙТАЙ ИРГЭДЭД ТУХГҮЙ ЗАМЫН АЖИЛД СТАНДАРТ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
Нийслэлд хатуу хучилттай автозам барих зураг төсөл хийгдсэн ч унадаг дугуйн зам огт тусгагдаагүй аж. Тодруулбал, авто зам, явган хүний замаас багасгах боломжгүй газар нийслэлд олон байдаг. Ийм тохиолдолд замын голд байрлах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргах зохицуулалт хийн ажилладаг гэдгийг ч зам засварын компаниуд хэлсэн. Гэхдээ дугуйн замыг стандартын дагуу хийх нэрийдлээр урд хормойг авч хойд хормойг нөхнө гэгчийн адил болж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тийм учраас олон нийтийн зорчих хэсгийн талбайг бүтээн байгуулалт хийх нэрийдлээр сүйтгэж байгаад иргэд бухимдаж буйгаа хэлсэн юм.
ИРГЭН Д.ДАШ:
-Улаанбаатарт дугуйн зам маш хангалтгүй байдаг. Анхнаасаа хотын төлөвлөлтөд оруулаагүй учраас одоо барина гэсэн ч боломж байхгүй. Миний бодлоор баруунаас зүүн тийш буюу нар зөв тойруулж, бүх урсгалыг нэг чиглэлд оруулах ёстой санагддаг. Нарны зам, Их тойрууг холбоод нэг чиглэлийн урсгалтай болговол дугуйн замын асуудлыг шийдвэрлэх болно шүү дээ. Гэтэл заавал худал, үнэн нь мэдэгдэхгүй төлөвлөгөө гаргаж түүний дагуу их хэмжээний мөнгө авдаг ч дорвитой бүтээн байгуулалт гэхээр нэг ч зам алга байна.
ИРГЭН:
-Ингээд шороо хэвээр нь байлгах байсан юм бол хуучин замыг нь оролдохгүй байсан нь хамаагүй дээр байсан. Би байнга энэ хэсгээр зорчдоггүй ч нийслэлийн төв хэсэгт хүн хамгийн олноор зорчдог хэсэг бүрд замыг нь хуулчихсан байна. Явган явах битгий хэл дугуйтай зорчих ч боломж алга. Нартай өдрүүдэд харин ч шороо нь босохгүй, бороо ороод салхи шуурвал шавар шавхай ч дийлдэхгүй болдог. Тэгээд энэ замыг өдөр, орой янзалдаггүй болохоор өглөө эрт ажил нь хийгддэг байх гэж бодохоор үгүй. Миний мэдэхээр нэг сар гаруй хугацаанд зүүн дөрвөн зам, бөхийн өргөөний хажуугийн явган хүний зам шороо хэвээр л байна. Тэгчихээд нээх сүрхий зарын самбар шиг зүйл байрлуулчихсан. Стандарт дугуйн зам гээд тэр дээр нь тодоос тод биччихсэн байгааг л гайхаж байна.
ИРГЭН:
-Хотод тав тухтай таатай орчинг бүрдүүлсэн гэж хэлдэг ч эсрэгээрээ. Иргэдэд ээлгүй, дугуйтай иргэдэд тухгүй зам гээд нэрлэчихсэн жижигхэн талбайг жил бүр засварлана. Тэр засвар хийж байгаа хэсэгт нь дугуйн зам гэж хэлж болохоор талбай ч байдаггүй санагддаг.
Авто замын орц, гарц дээр дугуйтай хүнд зориулж замыг налуу болгох, хөдөлгөөнд оролцоход зорчих хэсгийг тусгайлан тэмдэг тэмдэглэгээгээр харуулах гэх мэтээр аль болох дугуйтай иргэд зорчиход саадгүй болгох талаас нь анхаарах хэрэгтэй байна.
Хэдийгээр анх төлөвлөлт хийгээгүй ч хотын хэмжээнд дугуйн зам барих бүрэн боломжтойг албаны хүмүүс онцолсон юм. Мөн гадаадын өндөр хөгжилтэй улс орон шиг биш юмаа гэхэд байгаагаа өөд нь татахын оронд бусниулж орхидог монгол шиг газар хаана ч байдаггүйг хүүхэд хөгшидгүй хэлж байсан юм. Тэгвэл төлөвлөлт хийгээд төсвийг нь авчихсан хүмүүс дааж авсан ажилдаа хяналт тавихгүй байхад өдөр бүр тухайн хэсгээр зорчиж байгаа ард иргэд тэр ажилд нь аль хэдийн дүн тавьжээ.
Нэг ч ажилтангүй нийслэлийн дугуйн замын ажил товлосон хугацаандаа дуусах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна.
Иргэдийн хэлж байгаагаар энэ ажил ирэх жил үргэлжлэх бол хариуцсан инженерүүдийн мэдээлснээр ирэх есдүгээр сард нийслэл цоо шинэ дугуйн замтай болох нь гарцаагүй…
Холбоотой мэдээ