Дэлхий дахинд инфляцийн өсөлт үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Дэлхий дахинд инфляцийн өсөлт үргэлжлэх үү?

Дэлхий дахинд инфляцийн өсөлт үргэлжлэх үү?

Сүүлийн үед дэлхий дахинд тэр тусмаа АНУ-д инфляцын түвшин эрс өсч эхэлжээ. Тухайлбал АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас өнгөрсөн 12 сарын хугацаанд инфляцын түвшин 5.5%-иар өссөн тухай мэдэгдсэн бөгөөд энэ нь сүүлийн 13 жилийн хугацаанд буюу 2008 оны эдийн засгийн их хямралын үеэс хойших хамгийн өндөр түвшин юм.

Инфляцын түвшин цаашид ч буурахгүй байх магадлалтай бөгөөд цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэл үүсгэж магадгүй хэмээн ОУВС анхааруулжээ.

Инфляцын өсөлтөд үндсэн хоёр шалтгаан бий гэж шинжээчид үзэж байна. Нэгт, АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудын засгийн газар цар тахалтай хийж буй тэмцлийн хүрээнд эдийн засгийг дэмжих багц (stimulus packages) бодлого хэрэгжүүлж мөнгөний бодлогыг сулруулсан. Тодруулбал зээлийн хүүг бууруулж, асар их хэмжээний бэлэн мөнгийг эдийн засагт нийлүүлсэн нь эрэлтийг өсгөсөн. Хоёрт, КОВИД-19 цар тахлын улмаас олон улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь түүхий эд олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт зэрэг үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсан. Улмаар дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг доголдолд оруулсан юм. Иймд бараа материалын хомстлоос үүдэлтэй үнийн өсөлт инфляцыг өсгөхөд нөлөөлж байна.

Хэдийгээр инфляцын түвшин түүхэн хэмжээнд хүрээд буй ч АНУ-ын Холбооны Нөөцийн Банк ойрын хугацаанд зээлийн хүүг нэмэхгүйгээр одоогийн түвшинд буюу бараг 0%-ын түвшинд нь хэвээр барих бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Учир нь тэд инфляцын өсөлтийг түр зуурын гэж дүгнэж байгаа юм. Тодруулбал ААН-үүд хэвийн үйл ажиллагаандаа орохтой зэрэгцээд нийлүүлэлтийн асуудлууд сайжирна. Мөн Засгийн газраас иргэдэд олгосон бэлэн мөнгөний дэмжлэгийн нөлөө аажимдаа буурч хэрэглээний эрэлт мөн багасна гэж тооцоолж байна.

Үүнээс гадна хэдийгээр ажилгүйдлийн түвшин 14.8%-аас 5.8% хүртэл буурсан боловч хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний оролцооны түвшин тааруу байгаа нь Холбооны Нөөцийн Банкны дээрх шийдвэрт нөлөөлж байгаа юм. Одоогоор АНУ-ын 16-аас дээш насны хүн амд ажил эрхэлж байгаа эсвэл ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн эзлэх хувь нь ердөө 61.6% байгаа нь 1970-аад оноос хойш хамгийн доод түвшин юм. Тиймээс зээлийн хүүг бага түвшинд барьж байж ажил эрхлэлтийг дэмжих бодлогоо Холбооны Нөөцийн Банк баримталсан хэвээр байх төлөвтэй байна.

Бусад улсын төв банкууд Холбооны Нөөцийн Банктай төсөөтэй бодлого хэрэгжүүлсэн хэвээр байна. Жишээлбэл Канад улсад инфляцын түвшин 3.4% хүрсэн боловч Канадын Төв Банк зээлийн хүүгээ хэвээр үлдээхээр шийджээ. "Бид зуны турш инфляц 3 орчим хувьтай байна гэсэн хүлээлттэй байгаа. Цаашид эдийн засгийн сул байдал инфляцыг бууруулахад түлхэц өгөх тул жилийн сүүлээр инфляц буурна гэж төсөөлж байна" гэж Канадын Банкны дэд ерөнхийлөгч Тим Лейн хэлсэн байна.

Европт тавдугаар сард инфляцын түвшин 2%-д хүрсэн нь 2018 оноос хойш анх удаагаа Европын Төв банкны бодлогын зорилтот түвшнөөс өндөр гарсан байна. Гэвч Европын Төв Банк энэ жилийн инфляцын таамаглалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгаа дэмжихийн тулд бонд худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Европын инфляцын өсөлт нь голдуу дахин давтагдах магадлал багатай, нэг удаагийн хүчин зүйлсээс шалтгаалж байна. Тухайлбал 10-р сараас хойш газрын тосны үнэ хоёр дахин өссөн. Мөн цар тахлын үеэр түр цуцлаад байсан Германы НӨАТ-ыг буцааж сэргээсэн нь инфляцад нөлөөлсөн гэж ЕТБ-ийн Ерөнхийлөгч Кристин Лагард мэдэгджээ.

Хятадад тавдугаар сард үйлдвэрлэгчдийн үнэ нэг жилийн өмнөхөөс 9 хувиар өссөн тухай АНУ-ын Үндэсний статистикийн газар мэдээлсэн байна. Энэ нь 2008 оны 9-р сараас хойших үнийн хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Дэлхийн түүхий эдийн өртөг огцом өссөн тэр тусмаа өнгөрсөн жилийн хугацаанд зэсийн үнэ 80%-иар өссөн нь дээрх үнийн өндөр өсөлтөд нөлөөлсөн байна. Гэвч Хятадын Ардын Банк хэрэглээний үнийн өсөлт энэ жил хоёр хувиас доогуур буюу Засгийн газрын зорилтот түвшнээс доогуур байна мэдэгдсэн байна.

Үүнээс үзвэл өндөр хөгжилтэй орнуудын төв банк, санхүүгийн байгууллагын тооцоолж буйгаар энэхүү инфляц нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нэг илрэл гэж үзэж байна. Тодруулбал, түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж, зэс, нүүрс, газрын тос зэрэг түүхий эдийн үнийг нэмэгдүүлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, инфляцийн өсөлт эрчтэй нэмэгдвэл, эдгээр том зах зээлийн валютын ханшийг тогтворжуулах зорилгоор төв банкууд нь бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалтай.

Бэлтгэсэн: Б.Сумъяа

Эх сурвалж

  1. https://www.nytimes.com/2021/07/07/business/inflation-warning-imf.html
  2. https://www.npr.org/2021/07/14/1015895937/the-inflation-rate-is-now-the-highest-its-been-since-2008
  3. https://www.washingtonpost.com/us-policy/2021/06/11/inflation-fed-biden-recovery/
  4. https://data.oecd.org/price/inflation-cpi.htm
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж