Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдлээ.
Ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Мөн ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагатай мөн хамтарч ажиллана.
Тус байгууллага жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой онооны хувьд ижил боловч таван байраар ухарсан үзүүлэлт болж байна.
Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.
Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал, авлига дагуулж буйг таслан зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ хүрээнд олон нийтийн дунд тандалт судалгааг долоо хоног бүр явуулж, хамтарсан төсөөллийн судалгаагаар хамгийн их хүнд суртал үүсгэж байгаа газрыг тогтоож, дээрх Ажлын хэсэг асуудлыг шийдээд явна. Товчхондоо, авлигын эсрэг тэмцэл зөвхөн УИХ, хуулийн байгууллагынхны биш иргэн бүрийн оролцох асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Мөн Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолсон юм. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох ёстойг ч Ерөнхий сайд яриандаа дурдсан.
Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах ажиллахаар боллоо.