Цахим тоглоомын хорхойтон, “Challenger 2” танкны командлагч эрэгтэй тоглоомон дээрх танкны загвар алдаатай байгааг тоглоом бүтээгчдэд батлахын тулд Нэгдсэн Вант улсын цэргийн нууцыг задалжээ.
Тодруулбал, хөгжилтэй хэрнээ гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй энэ үйл явдал “War Thunder” цахим тоглоомын форум дээр өнгөрсөн долоо хоногт болсон байна. Тус тоглоом дээр тоглогч нар олон улсын зэвсэглэлд бодитоор байдаг олон зэвсэг, техникийг ашиглан байлддаг аж. Тиймдээ ч эл тоглоомонд зэвсэг, техник сонирхогч, судлаач, тэр байтугай мэргэжлийнхэн ч татагдаж, бүх жижиг хэсгүүдийг хүртэл алдалгүй шинжих болжээ.
Гэтэл тус тоглоомонд хорхойссон Нэгдсэн Вант улсын гол танк болох “Challenger 2”-ын командлагч эр жижигхэн алдаа анзаарчээ. Тэрбээр өөрийнх нь арван хуруу шигээ мэддэг танкийг нь тоглоом бүтээгчид алдаатай урласан байхыг хараад үнэхээр тэвчээгүй бололтой. Өөрийн анзаарсан алдааг тоглоом бүтээгчдэд батлан харуулахын тулд тэрбээр нууцын зэрэглэлээс хараахан гаргаагүй байгаа “Challenger 2” танкны бүтцийг тайлбарласан бичиг баримтаас багахан хэсгийг дэлгэж, улсын нууцтай холбоотой хуулийг зөрчжээ.
Болсон явдал төд удалгүй Нэгдсэн Вант улсын батлан хамгаалахын удирдлагуудын чихэнд хүрсэн байна. Тэдний мэдээлснээр нууц задруулагч нь Английн Тидворт дахь хатан хааны танкны хорооны “Challenger 2” танкны командлагч гэнэ.
Нэгдсэн Вант улсын эрх баригчдын хүсэлтээр нууц задруулсан нийтлэлийг даруй устгасан байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нууц задруулсан этгээд 14 жил хорих ял сонсож болзошгүй гэнэ. Харин тоглогч нар тоглоом бүтээгчдийг танкны загвараа засаж сайжруулах уу? Эсвэл нууц бичиг баримт ашиглахаас татгалзаж, хэвээр нь үлдээх үү гэдэг дээр талцаж, мөрийцөж эхэлсэн гэнэ.
Түүнээс гадна “War Thunder” тоглоомыг бүтээсэн компани ОХУ-тай нягт холбоотой “Gaijin Entertainment” гэдэг нь байдлыг улам эгзэгтэй болгож байгаа юм. Тус компанийн удирдлага өдгөө Будапешт хотод байрладаг ч анх 2002 онд Москвад нээгдэж байсан түүхтэй аж. Тиймдээ ч компанийн хэд хэдэн чухал албан тушаалд ОХУ-ын иргэд ажилладаг гэнэ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ