Баруун Европыг живүүлсэн 100 жилийн үер

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Баруун Европыг живүүлсэн 100 жилийн үер

Баруун Европыг живүүлсэн 100 жилийн үер

Баруун Европыг бараг бүхэлд нь хамарсан их үерийн гамшигт  амь үрэгдэгсдийн тоо 189-т хүрч, олон зуун мянган хүн орон гэргүй болсны дээр гэрэл цахилгаан тасарч, ундны усны хомсдолд оржээ.

Урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээний бороо орсны улмаас Германы баруун хэсгээс эхлэн гол мөрнүүд үерлэж, үерийн гамшиг хөрш Бельги, Нидерландыг хамарчээ.

Европын томоохон гол мөрнүүдийн нэг Маас гол сүүлийн 100 гаруй жилд байгаагүй хэмжээнд хүрч үерлэсэн нь Нидерландын өмнөд хэсгийг живүүлсэн байна. Тус голын эрэгт орших Венло хотноо 10 мянга гаруй хүн орон гэрээ орхин нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Үерийн усны түвшин хурдацтай нэмэгдэж байснаас цэргийнхэн болон сайн дурынхныг аврах, эрэн хайх ажиллагаанд дайчлахад хүрсэн байна.

Үерийн гамшиг Германд хамгийн их хохирол учруулсан бөгөөд бүхэл бүтэн нэг тосгоны гал тэрэг болон автозам урсч, 158 хүн нас баржээ. Германы Ерөнхийлөгч энэ их үерийг сүүлийн 100 жилд болоогүй хөнөөлт байгалийн гамшиг хэмээн тодорхойлсон байна.

Амь үрэгдэгсдийн олонх нь буюу 110 нь Германы баруун хэсгийн Райнланд-Пфальц мужийн оршин суугч байв.

Гамшигт бүрэн сүйрсэн Шулд тосгонд өчигдөр Германы канцлер Ангела Меркель очиж нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр “Би шоконд орж, герман хэлээр энэ их сүйрлийг юу гэж хэлэхийг олохгүй байна. Засгийн газраас маш хурдан санхүүгийн яаралтай тусламж үзүүлнэ” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Меркель хэлэхдээ “Азаар манай улс үерийн гамшгийг даван туулах, сэргээн босгох санхүүгийн чадамжтай байна. Герман бол хүчирхэг орон. Бид байгалийн хүчний эсрэг богино хугацаанд сөрөн босч, дунд болон урт хугацаандаа цаг уурын өөрчлөлтийн эсрэг өнгөрсөн хугацаанд хийснээс илүүг хийх болно” хэмээсэн аж. Үүний зэрэгцээ Германы сангийн сайдын мэдээлснээр Засгийн газраас яаралтай 300 сая еврог гарган үерийн гамшигт зарцуулахаар болжээ. Түүнчлэн цаашид иймэрхүү үерийн гамшгаас сэргийлэхийн тулд урт хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллахаар болсныг онцолсон байна.

Бельги улсад үндэсний гамшгийн төвөөс үерт автсан бүс нутгуудад нөхцөл байдал сайжирч байгааг мэдэгдсэн байна. Гэхдээ үерт автсан бүс нутгуудад ундны усны хомсдол үүссэн нь эн тэргүүнд шийдвэрлэх асуудал болсныг анхааруулжээ. Тус улсад өчигдрийн байдлаар 31 хүн үерт амиа алджээ. Гэхдээ аврах, эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа учир хохирогчдын тоо өсөх магадлалтай аж.

Баруун Европ даяар бүтэн сар гарангийн хугацаанд ордог хэмжээний хур тунадас 24 цагийн дотор орсон нь ийнхүү үеийн гамшиг дагуулжээ. Германы Умард Райн-Вестфален мужийн Кёльн хотноо өнгөрсөн Пүрэв гаригт 24 цагийн дотор 154 мм бороо орсон нь долдугаар сард ордог хур тунадасны хэмжээнээс хоёр дахин их байв. Түүнчлэн Арвайлер дүүрэгт есөн цагийн дотор 207 мм хур тунадас орсныг Европын цаг уурын агентлаг онцолжээ. Хүчтэй аадар бороо хэдхэн минутын дотор үерийн гамшиг дагуулснаас олон хүний амь хохирсон байна. Хэдийгээр эрдэмтдийн зүгээс цаг агаарын онц үзэгдэл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэж дүгнэхэд эрт хэмээж байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт Баруун Европт үерийн гамшиг дагуулсан шиг их хэмжээний бороо,  хур тунадас орох нь нэмэгдсээр байгаа аж. Бямба гаригийн шөнө гэхэд Герман, Чехийн хилийн хэсэгт болон Германы зүүн өмнөд хэсгийн Австри улсад ч үерийн нөхцөл байдал үүсч эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж