УДШ: С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

УДШ: С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

НЭМЭЛТ:

С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдээлэл өглөө. Тэрбээр “Уг хэрэг мөрдөн байцаалтад буцаж байна. Өмнө нь уг хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр шийдсэн шийдвэрүүд хууль ёсны шаардлага хангахгүй байсан.

Прокуророос С.Баярцогтод ял тулгасан, яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэдэг асуудлыг өмгөөлөгчид ярьж байсан. Өнөөдрийн хуралдаанаас өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэж ойлгож болно. С.Баярцогтын хэргийг тусгаарласан” гэлээ.

НЭМЭЛТ:

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан эхэлсэн. С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж эхэллээ. Мөн Б.Ундармаа, Ш.Батхүү, нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.


Улсын дээд шүүхэд өнөөдөр 2021.07.19 олны анхаарлыг татсан хэд хэдэн шүүх хуралтай. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэрэг,  “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргийг дахин хэлэлцэж байна.


С.БАЯРЦОГТОД 4.8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан. Гэсэн хэдий  ч шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.

Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан. Гэсэн ч С.Баярцогтоос бусад хүмүүсийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан юм.

Ш.БАТХҮҮ НАРЫН ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын Дээд шүүх (2021.07.02) Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхээр товлосон. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хурал хойшилсон.

Улсын Дээд шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Батхүү, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх байв.

ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ҮНДЭСЛЭН Б.УНДАРМААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу 2,6 жилийн хорих ял оноосон юм.

Харин давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж