Тойм: Сүмод монголчууд илүүрхэж, Олимпийн хотхонд халдвар илрэв

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Тойм: Сүмод монголчууд илүүрхэж, Олимпийн хотхонд халдвар илрэв

Тойм: Сүмод монголчууд илүүрхэж, Олимпийн хотхонд халдвар илрэв

Бүх нийтээрээ амарсан ес хоногт дотоод болон дэлхийн спортын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


ТИВИЙН АВАРГУУД ТОДРОВ

Европ болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нэгэн зэрэг зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа. 16 дахь удаагийн Европын аварга тус тивийн 11 хотод явагдаж, 24 улсын баг өрсөлдсөнөөс шигшээ тоглолтод Англи болон Италийн шигшээ багууд шалгарсан. Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэхэд явагдсан шигшээ тоглолтод Италийн шигшээ баг өрсөлдөгчөө торгуулийн цохилтоор ялан, түүхэндээ хоёр дахь удаагаа тивийнхээ аваргаар тодорсон. Тус тэмцээний шилдэг тоглогчоор Италийн шигшээн хаалгач Жианлуижи Доннарумма, шилдэг залуу тоглогчоор Испанийн шигшээн Педри, мэргэн буучаар Кристиано Роналдо тус тус нэрлэгдсэн юм.

Энэ жилийн Европын аваргын онцлох үйл явдлуудыг хураангуйлвал, Украины өмсгөл Оросуудын уурыг хүргэж, Кристиан Эриксений зүрх тоглолтын үеэр зогсч, Кристиано Роналдо, Пол Погба хоёр хийжүүлсэн ундаа, пивоноос татгалзаж, ууртай Английн фанатууд тоглогчдоо арьс өнгөөр ялгаварласан гэх зэрэг асуудлууд гарсан.

47 дахь удаагийн Өмнөд Америкийн аварга Бразил улсын дөрвөн хотод зэрэг болж, тус тивийн 10 баг өрсөлдсөн. Шигшээ тоглолтод Аргентин болон Бразил улсуудын шигшээ багууд шалгарч, Анхел Ди Мариагийн ганц гоолоор Аргентины баг ялалт байгуулж, 15 дахь удаагаа тивдээ түрүүлсэн. Тус тэмцээний шилдэг болон мэргэн буучаар Лионель Месси, шилдэг хаалгачаар Аргентины Эмилиано Мартинез тус тус тодорсон.

Лионель Месси 2008 оны Бээжингийн олимпод түрүүлснээсээ хойш анх удаагаа шигшээ багийнхаа хамтаар олон улсын тэмцээнд түрүүлж байгаа нь энэ аж.

МОНГОЛЫН ЗАЛУУ ТАМИРЧИД ХИЛИЙН ЧАНАДАД ГЯЛАЛЗАЖ БАЙНА

Монголын спортын тэр дундаа хөлбөмбөг, сагсан бөмбөгийн залуу тамирчид хилийн чанадад өөрсдийн түүхээ бичиж, эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байна. Тодруулбал, МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон анхны Монгол тамирчин болохоор АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Тэгвэл тэрбээр саяхан NCAA буюу Америкийн үндэсний коллежийн тамирчдын холбооны нэгдүгээр дивизонд харьяалагддаг Ратгерс их сургуулиас урилга хүлээн авчээ.

NCAA-ийн сагсан бөмбөгийн гурван дивизон байдаг бөгөөд нэгдүгээр дивизонд тоглодог тамирчид NBA-д хөл тавих магадлал харьцангуй их байдаг.

Ш.Энхийн-Одын хувьд ийнхүү нэгдүгээр дивизоны хоёр их сургуулиас урилга хүлээн аваад байна. Тэрбээр хамгийн анх нэгдүгээр дивизоны зүүн Вашингтоны их сургуулиас уриалга авч байв.

АНУ-ын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн тамирчдыг үнэлдэг "247sports.com" сайтаас Ш.Энхийн-Одыг таван одноос гурван одоор үнэлжээ. Сануулахад, NBA-ийн супер од Дамиан Лиллард ахлах сургуульдаа хоёр одоор үнэлэгдэж байсан.

Мөн Монголын хөлбөмбөгийн ертөнцөөс буурал тивд мэргэжлийн тамирчны гэрээ байгуулсан анхны тоглогч болох Ганболдын Ганбаяр Унгарыг түр орхиж Словак улсын хоёрдугаар лигийн баг КФС Комарно багт зээлээр тоглох болсон.

Унгарын Пушкаш академитай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан тэрбээр нэг жилийн хугацаатай КФС Комарно багт зээлээр тоглоно.

Өдгөө 20 настай Сэлэнгийн унаган хүү Г.Ганбаярын хувьд өнгөрсөн улирал Унгарын хоёрдугаар лигийн Активал Чаквар багт зээлээр тоглож, 26 тоглолтод гурван гоол оруулсан юм. Түүний зах зээлийн үнэ 125 мянган евро.

МОНГОЛЫН ОЛИМПИЙН БАГИЙН ТҮҮЧЭЭ ТОКИОГ ЗОРИВ

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам ирэх Баасан гаригт нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан боксын шигшээ багийн хамтаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Токиог зорилоо.

Боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид явав.

  • Эрэгтэйчүүдийн 57 кг жинд  МУГТ Э.Цэндбаатар,
  • Эрэгтэйчүүдийн 63 кг жинд ОУХМ Б.Чинзориг,
  • Эмэгтэйчүүдийн 75 кг жинд ОУХМ М.Мягмаржаргал

Олимпийн рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорьсон. Тэд Японы Шизүока мужийн Шимада хотноо долдугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.

МУГТ С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор 3х3 эмэгтэй багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид явжээ.

  1. Баясгалангийн Солонго
  2. Энхтайваны Чимэддолгор
  3. Мөнхсайханы Цэрэнлхам
  4. Онолбаатарын Хулан
  5. Даваасүрэнгийн Ганзул
  6. Баатарын Болор-Эрдэнэ

ОЛИМПИЙН ХОТХОНООС ХАЛДВАР ИЛЭРЧ, УГАНДАГИЙН ТАМИРЧИН "ХАРЛАВ"

Токиогийн олимпийн зохион байгуулагчид тамирчдын тосгонд байрлаж буй нэг хүнээс covid-19 илэрсэн талаар мэдээлжээ. Хувийн нууцтай холбоотой тул тухайн хүний харьяалал тодорхой болоогүй байна.

Сүүлд гарсан мэдээллээр олимпийн хотхонд байрласан Африкийн хөлбөмбөгийн хоёр тамирчнаас дахин Covid-19-ийн халдвар илэрсэн байна.

Энэ нь ихэнх тамирчид байрлаж буй 11 мянган хүн байрлахаар төлөвлөсөн Токио хотын захад байрлах 44 га талбай бүхий тамирчдын тосгоноос халдвар илэрсэн анхны тохиолдол болж буй аж. Иймд олимпийн наадмыг "аюулгүй, найдвартай" зохион байгуулах амлалт биелэх эсэх дээр ихээхэн эргэлзээ төрүүлж байгааг хэвлэлүүд онцолжээ.

Одоогоор олимпийн наадмыг зохион байгуулахад оролцож буй гадаад дотоодын 40 орчим хүнээс халдвар илрээд байгаа ч яг тамирчдын байрлаж буй гол кэмпээс халдвар бүртгэгдээгүй байсан юм. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио 2020” олимпийн наадмын ихэнх тэмцээн уралдаан үзэгчгүй зохион байгуулагдахаар болсон. Нийт хүн амынх нь 20 орчим хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан Япон улсын хувьд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт ихэсч, дахин хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Зохион байгуулагчид олимпийн хотхонд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, орж гарах хөдөлгөөнийг хатуу хязгаарлахыг хичээж байгаа ч алдаа дутагдал гарч байгааг зохион байгуулах хорооны удирдлагууд хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, Угандагийн хүндийн өргөгч Жулиус Ссекитолеко Баасан гаригт /2021.07.16/ Осака дахь багийнхаа бэлтгэл сургуулилтаас сураггүй алга болсон байна. Тэрбээр “Эх оронд нь амьдрал хүнд хэцүү байгаа тул Япон улсад үлдэж ажиллах хүсэлтэй” хэмээх бичиг үлдээгээд явсан бөгөөд зохион байгуулагчид түүнийг хайж байгаа аж.

МОНГОЛЧУУДАД ЭЭЛТЭЙ НАГОЯ БАШЁ

Японы үндэсний спортыг ноёлох монголчуудын цуваа тасрахгүй байна. Мэргэжлийн сүмогийн дээд макүүчи зиндаанд барилдсан монгол бөхчүүд бүгд найм болон түүнээс дээш даваа авч, качикоши хийлээ. Ялангуяа эзэн хааны цомын төлөө Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өрсөлдөж, өдгөө 36 настай Хакүхо давж, 45 дахь түрүүгээ хүртэв. Түүнд өвдөг шөрөөдсөн Тэрүнофүжи гурав дараалан түрүүлж чадаагүй ч ёкозүна цол авах болзлоо хангасан.

Түрүүлснийхээ дараа Хакүхо “Миний хувьд бүх зүйл сайн байна. Баруун өвдөг маань миний хүссэн шиг байгаагүй ч барилдаандаа л анхаарлаа хандууллаа. Энэ насан дээр нэг ч унаагүй башёд түрүүлнэ гэж бодож явсангүй. Би үнэхээр хөнгөрлөө” хэмээжээ. Харин аман хүзүүдсэн Тэрүнофүжи “Би сайн байсангүй. Энэ миний ялагдлын шалтгаан боллоо. Чадах бүхнээ л хийлээ. Цаашдаа улам сайжрахын төлөө явна” гэв.

Бусад Монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил 11 даваа, дөрвөн унаатай, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн хоёр 10 даваа, таван унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн есөн даваа, зургаан унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан найман даваа, долоон унаатай тус тус дээд зиндаанд урамтай барилдлаа. Ойрын жилүүдэд Монгол бөхчүүд бүгд качикоши хийсэн тохиолдол гараагүй билээ.

Тэгвэл доод жүрёо зиндаанд Миторюү Б.Төрболд 12 даваа, гурван унаатай түрүүлж, ирэх башёд дээд макүүчи зиндаанд барилдах боломжтой болов. Мөн макүшита зиндаанд барилдсан Хокүсэйхо А.Даваанинж долоон даваа нэг ч унаагүй түрүүлж, ирэх башёд жүрёо зиндаанд барилдах эрхтэй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж