Словак Грект тусламж үзүүлэхийг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Словак Грект тусламж үзүүлэхийг эсэргүүцлээ

Словак Грект тусламж үзүүлэх багцад оролцохгүй байх шийд гаргасан нь Афинд үзүүлэх тусламжинд нөлөө үзүүлэхгүй ч еврозоны нэгдмэл байдалд асуудал үүсгэж магадгүй байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ. Лхагва гаригт Братиславд еврозоны хамгийн ядуу гишүүн Словакийн парламентын гишүүд санал хураалтаар Грект үзүүлэх 110 тэрбум еврогийн тусламжинд 816 сая евро нийлүүлэхгүй байх шийд гаргасан байна. Үүнийгээ дотооддоо зээлийн асуудлаа хяналтандаа байлгаж чадаагүй Грект Словакийн татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах нь шударга биш гэж тайлбарласан байна. Гэхдээ Европын Санхүүгийн Тогтвортой байдлын тохиролцоо хэмээх илүү өргөн хүрээтэй хөтөлбөрт оролцохыг дэмжсэн байна.

Грекийн талаар гаргасан шийд нь баруун төвтэй, төрийн эрхэнд гараад дөнгөж сар болж байгаа Засгийн газар дотоодын өнцгөөс асуудалд хандсан шийд бололтой. Словакийн гаргасан шийдийг санхүүгийн тусламжийн асуудлыг зохицуулж байгаа Европын Комиссоос шүүмжилсэн байна. “Еврогийн бүс нэгдмэл нэг байр суурьтай байж чадахгүй байгаад би харамсаж байна. Словакийн шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа амалсан амлалтаас ухарлаа” гэж Европын Холбооны эдийн засаг, мөнгөний асуудал хариуцсан комиссар Олли Рен ярьжээ. Энэ асуудлын талаар 9 сарын 6—7-нд болох Европын Холбооны санхүүгийн сайд нар ярилцах болно.

Словакийн удирдагчид ийм шийд гаргах болсон нь дотоодын улс төрийн шахалттай холбоотой гэдгийг Европын Холбооны удирдагчид сайн мэдэж байгаа гэнэ. “Словакийн шийдэл түүний өвөрмөц Словак маягийн улс төрийн орчинтой холбоотой. Бусад 15 улс ч гэсэн өөрийн гэсэн онцлогуудтай” гэж Европын улс төрийн судалгааны “Eurasia Group”-ын захирал Жон Левай ярьж байна.

Словакийн ерөнхий сайд Ивета Радикова өөр бусад орнуудын дотроо бодож байсан ч хэлээгүй зүйлийг чанга хэлсэн гэж мэдэгдсэн бол бусад улс орнууд үүний хойноос адилхан шийдүүд гаргаж магадгүй гэж болгоомжилж байгаагаа Герман илэрхийлсэн байна. Ивета сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би иргэддээ юу гэж хэлэх юм бэ, өөрсөндөө туслах хүсэлгүй байсан хүмүүст бид заавал туслах үүрэгтэй гэж үү” гэж ярьсан байна. Европын Холбооны хамгийн том эдийн засаг, Грект үзүүлж байгаа тусламжийн гол ачааг өөр дээрээ үүрч байгаа Германы санхүүгийн сайд энэ талаар “Словак Грекийн талаар ийм шийд гаргасанд бид сэтгэл зовниж байна. Словак еврозоны эв нэгдлээс тоосго сугалж хаялаа” гэж ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж