Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Хуучирсан мэдээ: 2021.07.18-нд нийтлэгдсэн

Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Япон улсын Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар таагүй үг хэлсэн нь хоёр улсын харилцааг хурцатгажээ.

Тодруулбал, Сөүл дэх Элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “JTBC” телевизэд ярилцлага өгөхдөө “Хоёр улсын харилцаанд Японы Засгийн газар Өмнөд Солонгосын тал шиг их санаа зовохгүй байгаа. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэмий “гар хангалга хийж” өөрийгөө зовоож байна” хэмээн ярьсан байна.

Уг ярилцлага цацагдсаны дараа шүүмжлэл дэгдэж, тэрбээр удалгүй хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйгаад, түүний хэлэх гэсэн санаа шууд Мүн Жэ Ин рүү чиглээгүй, Өмнөд Солонгосын одоогийн дипломат бодлогыг егөөдсөн хэмээн тайлбарлажээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Күн тус улс дахь Япон улсын Элчин сайд Койчи Айбошитай уулзахдаа Сомагийн хэлсэн дипломат бус, бүдүүлэг үг хэллэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зохих арга хэмжээ авахыг шаарджээ. Элчин сайд Койчи Айбоши өөрийн орлогч Хирохиса Сомад донгодох арга хэмжээ авсан тухайгаа мэдэгдсэн байна.

Ирэх долоо хоногт эхлэх Токио 2020 олимпийн наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын Ерөнхий сайд Ёшихиде Сүгатай нэг цаг орчим үргэлжлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байв. Уг уулзалт нь хоёр улсын харилцааг сэргээх боломж гэж харж байгаа юм.

Гэтэл Сүга олимпийн нээлтэд оролцох гадаадын төрийн тэргүүн тус бүртэй 15 минутын хугацаанд уулзахаар төлөвлөснөө саяхан зарласан. Ийнхүү Өмнөд Солонгосын төлөвлөгөө ёсоор болох эсэх нь эргэлзээтэй болсон юм. Мөн тэд зургадугаар сард Их Британид болсон Их Долоогийн чуулганы үеэр уулзах тухай яригдаж байсан ч бүтээгүй.

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж