Их аварга Хакүхо 14 дэх өдрийн барилдаанд Озэки Шодай-тай барилдаж, түүнийг абисэтаоши мэхээр илүүрхэн хаясан юм. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Сэкиваке Такаясүтэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 14 дэх даваагаа авснаар 3 башё дараалан тэргүүлэхийн төлөө өнөөдөр /2021.07.18/ Их аваргатай хүчээ сорих билээ.
ЗОДОГ ТАЙЛЧИХВАЛ ЭНЭ ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ДАВХАР ТАЙЛЧИХ ГЭЭД БАЙЛАА
Их аварга Хакүхо "Энэ башёг би тэнгэрт хальсан аавдаа зориулж буй" хэмээн онцолжээ. Тэрбээр NHK-д ярилцлага өгөхдөө "Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа 2 удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал , дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол " Токио-2020″ зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах.
Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод Монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан. Тэгвэл би Олимпод оролцоогүй ч, Олимпийн тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана гэжээ.