Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн Зам-Үүд суманд ажилласан. Энэ үеэр "Замын-Үүд" чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, тус сум дах Дулааны цахилгаан станцыг ажиллуулахтай холбоотой зардлын судалгаа гарах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн.
Тэгвэл долдугаар сарын эхээр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг наймдугаар сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлэх үүргийг өгчээ. Түүгчлэн Зам-Үүдэд баригдсан Цахилгаан станцын дулааны шугам сүлжээг шийдвэрлэхтэй холбоотой судалгаа тооцоонд үндэслэн эхний ээлжинд дулааны туршилт тохируулга хийхтэй холбоотой 1.5 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, тус станц дээр салбар бүрийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан газар дээр очиж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болгосон юм. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
"Замын-Үүд" чөлөөт бүс байнгын ажиллагаатай болсноор гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж ДНБ-д 1.6-2.3%- ийн өсөлт бий болно гэдгийг албаныхан онцолсон. Мөн Чөлөөт бүсэд 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, Замын-Үүдэд бөөгнөрч буй ачаа тээврийн нэвтрэх чадвар сайжрах юм.
Холбоотой мэдээ