Монгол Улсад халдвар авсан хүний тоо 100 мянга даваад байна. Мөн халдвар бүртгэгдснээс хойш 125.882 хүн эдгэжээ. Халдвар авч эдгэсэн хүмүүст шинж тэмдэг 4-7 сар илэрч болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Гэхдээ эмчид үзүүлж, цээжний зураг рентгенд дахин харуулахыг зөвлөж байгаа юм. Энэ талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ "Covid-19 халдварын дельта хувилбар сүүлийн үед анхаарал татаж байна. Дэлхийн улс орнуудад хийсэн судалгаагаар альфа хувилбараас 65 хувиар илүү эмнэлзүйн шинж тэмдэг нь хүнд байгаа юм. Халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувь илүү байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүс дельта хувилбараар өвчилбөл илүү хүндрэх, нас барах эрсдэлтэй. Вакцинд хамрагдсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэл харьцангуй бага. Дельта хувилбарын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь альфа хувилбартай харьцуулахад хоёр дахин их.
Монгол Улсын хувьд зургадугаар сард дэгдсэн халдварын давлагаанд альфа хувилбар хамгийн их бүртгэгдсэн. Альфа хувилбар бүртгэгдэж байсан учраас хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол ч эрс нэмэгдсэн.
ДЭМБ-аас вакцины үр нөлөөг бууруулахгүйн тулд олон хүн цуглахгүй, нэг дор бөөгнөрч уулзахгүй байхыг зөвлөж байсан. Хоёрдугаарт, хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүхийг зөвлөж байгаа юм. Дэлгүүр худалдааны төвд хүн хоорондын зайг барих шаардлагатай байна.
Түүнчлэн Covid-19 халдвар авсны дараа шинж тэмдэг 4-7 сар илэрч болно гэх судалгаанууд байна. Залууст нойронд өөрчлөлт орох, амьсгалах үед цээж бүрэн амьсгалж чадахгүй шинж тэмдэг, нүд мэдрэлийн шинж тэмдэг, толгой эргэх зэрэг шинж тэмдэг, таргалалт, жингийн илүүдэлтэй, тураалтай хүмүүст илэрч байна.
Мөн халдвараар хүндээр өвчилсөн хүмүүст "long Covid-19" буюу халдварын шинж тэмдэг удаан үргэлжилж байна. Ийм тохиолдолд эмчид хандаж, агаар салхинд гарч, цэвэр агаарт алхах хэрэгтэй. Мөн тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Тэжээллэг хоол хүнс хэрэглэж, хэвийн амьдралын горимд аажмаар шилжих нь зүйтэй. Хэт хүчилж шөнийн цагаар ажиллах нь тухайн хүнийг ядраах эрсдэлтэй.
Covid-19 халдвар нь амьсгалын зам, хоол боловсруулах зам, элэг, бөөр, зүрх судас, мэдрэлийн эсийг гэмтээдэг учраас толгой эргэж болно. Иймд чихэрлэг хүнс, түргэн хоол хэрэглэх нь зохисгүй. Хэрэв Covid-19 халдвар авсны дараа шинж тэмдэг удаан үргэлжилбэл яаралтай эмчид хандаж, цээжний рентген зураг авхуулах нь чухал" хэмээсэн юм.
Холбоотой мэдээ