Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2021.07.16/ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Халдварын тохиолдол хэдий өндөр байгаа ч гэсэн Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, хот хоорондын хөдөлгөөнийг хаахгүй, иргэдийг агаарт гарах боломж олгож зохицуулж байгаа. Гэвч сүүлийн үед дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давалгаа болох дельта вирусийн халдвар эрчимтэй тархсаны улмаас олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдөг аюултай гэдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна. Тиймээс та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалж, сэрэмжлүүлээрэй.
Монгол Улс харьцангуй эрт буюу өнгөрсөн гуравдугаар сараас вакцины ажлыг орон даяар эхлүүлж өнөөдрийн /2021.07.16/ байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд хамруулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй явагдаж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. Гэхдээ вакцины I, II тунд бүрэн хамрагдсан бол халдвар авахгүй гэсэн буруу ойлголт байна. Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакциндаа хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.
ДЭМБ-аас Covid-19-ийн халдварын эрсдэл 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсаар байна. Тиймээс вакциндаа хамрагдаж, хаа ч явсан халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 40 мянган эмч, асрагч, сувилагч нар, ажилчид өдөр шөнийн ээлжээр тасралтгүй ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт, эм тариа, тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлтийг Засгийн газраас тухай бүрт нь хийж хэрэгжүүлж, нөөцийг бүрдүүлж байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд ч иргэдийнхээ амь насыг аврах гэж хичээн ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ