Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын боксын төрөл долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, МУГТ Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал оролцоно.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр өчигдөр /2021.07.15/ Хандгайт дахь Олимп цогцолборт зочилж “Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэн, үдэн гаргажээ.
Олимпийн рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорьж байна. Тэд Японы Шизүока мужийн Шимада хотноо долдугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.
Монголын боксчид олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Боксын шигшээ багийн хамтаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Токиог зорилоо. МУГТ С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор дараах бүрэлдэхүүн явжээ.
Токио 2020 Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:
- Баясгалангийн Солонго
- Энхтайваны Чимэддолгор
- Мөнхсайханы Цэрэнлхам
- Онолбаатарын Хулан
- Даваасүрэнгийн Ганзул
- Баатарын Болор-Эрдэнэ
Олимпод бэлтгэх шигшээ багийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 онд эцсээр байгуулж, Covid-19-ийн хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоор бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.
Токиогийн олимпийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн долдугаар сарын 24-ний өдөр эхэлнэ.
Холбоотой мэдээ