АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас Хятадын засгийн газартай шууд харилцах тусгай утсан холбоо үүсгэхээр туршиж байгаа тухай мэдээлжээ. Энэ нь "хүйтэн дайн"-ы үед болзошгүй цөмийн дайнаас сэрэмжлэх зорилгоор АНУ болон ЗХУ-ын хооронд байгуулсан "улаан утас" нэртэй харилцааны хэрэгсэлтэй төстэй байх аж.
Хэдийгээр Байдены захиргаанаас шууд утсан харилцааны ерөнхий зураглалыг гаргасан боловч хараахан албан ёсоор Хятадын талд танилцуулаагүй байгаа аж. Энэхүү шинэ харилцааны сувгийн тусламжтайгаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эсвэл түүний үндэсний аюулгүй байдлын багын дарга нар Хятадын дарга Ши Жиньпин болон түүний эргэн тойрны хүнтэй шууд холбоо тогтоох боломжтой болох аж. Тухайлбал, хоёр тал цахим халдлагаас сэрэмжлүүлэх мессеж эсвэл цэрэг, армийн гэнэтийн хөдөлгөөний мэдээллийг солилцох боломж бүрдэх гэнэ. Ингэснээр АНУ болон Хятадын хооронд үүсч болзошгүй зөрчлийн эрсдэлийг бууруулна гэж тооцсон байна.
Хятадтай шууд харилцааны суваг нээх санааг анх АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед гаргасан ч Дональд Трампын үед үндэсний аюулгүй байдлын санамж бичигт тусгасан аж. Улмаар уг ажлыг Жо Байден үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ.