Хонгконг гаралтай алдарт жүжигчин Жэки Чан өнгөрсөн долоо хоногт Хятадын кино урлагийн холбооны хурал дээр Хятадын “агуу” Коммунист намын гишүүн болох чин хүсэл эрмэлзэлтэй явдгаа илэрхийлжээ.
Тухайлбал тэрбээр “Гадаад орнуудад явахдаа би хятад хүн гэдгээрээ үргэлж бахархаж, Хятадад төрсөн минь ямар том завшаан бэ гэж боддог. Гэхдээ би үүнээс илүү Коммунист намын гишүүдэд ихээр атаархдаг. Би Коммунист намыг үнэхээр агуу, гайхалтай, сүр жавхлантай гэж боддог юм. Коммунист намын хэлж, ярьж, амлаж буй бүхэн агуу. Тэднийг биелүүлэхэд дахин 100 жил хүлээгээд байх шаардлагагүй. Учир нь Коммунист нам тэр бүхнийг хэдхэн жилд л бүтээж чадна. Би үнэхээр намын гишүүн болмоор санагддаг” хэмээн ярьжээ.
Хэдийгээр Хонгконгод төрсөн ч Жэки Чан эртнээс Хятадын Коммунист намыг дэмжсээр, ажил үйлсэд нь идэвхтэй оролцсоор ирсэн нэгэн юм. Түүний энэ байдлыг хонгконгчууд ялангуяа 2019 оны бослого хөдөлгөөний үеэр ихэд шүүмжилсэн билээ.
Харин Жэки Чан тухайн үед “Би хаана ч явсан хятад хүн гэдгээрээ ихэд бахархдаг. Манай таван одтой улаан далбааг дэлхийн хаана ч дээд зэргээр хүндэлдэг юм. Хонгконг, Хятад хоёр бол миний төрсөн нутаг төдийгүй гэр минь. Хятад бол миний эх орон. Би эх орондоо хайртай. Би гэртээ хайртай. Би Хонгконг удалгүй эргээд энх тайван болоосой гэж найдаж байна” гэж ярьж байв.
Эх сурвалж: NATIONAL REVIEW
Холбоотой мэдээ