Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Токиод очоод анхны хурал дээрээ япончуудыг андуурч, хятадууд хэмээсэн нь багагүй шүүмжлэл дагуулж байгаа гэнэ.
Тухайлбал, Бах Токиогийн олимпийг зохион байгуулах хороонд заавар, чиглэл өгч байхдаа Японы нийслэлийг цар тахлаас үл хамааран олимпод хэзээ ч байгаагүйгээр хамгийн сайн бэлдсэн хот хэмээн сайшаасан байна.
Тэрбээр “Бидний нийтлэг гол зорилго бол хүн бүхэнд аюулгүй олимп зохион байгуулах. Бүх тамирчид, дасгалжуулагчид, ажиглагчид, хамгийн чухал нь хятадуудын-япончуудын аюулгүй байдлыг хангах нь нэн чухал” хэмээн ярьж, хэл халтирсан алдаагаа даруй залруулан цааш үргэлжлүүлжээ.
Орчуулагч түүний яриаг англи хэлнээс орчуулахдаа дээрх хэл халтирсан алдааг алгасаад орчуулсан боловч япончууд аль хэдийн Бахын алдааг анзаарч, цахим орчинд шүүмжлэлээр “булж” байгаа гэнэ.
Жишээлбэл, зарим хүмүүс түүний алдааг ази хүмүүсийн ямар үндэстэн байхыг анхаардаггүй, хүндэлдэггүйнх нь илрэл, алдаа гаргасныхаа дараа уучлал гуйгаагүй нь үл тоож буй үйлдэл гэх мэтээр шүүмжилсэн байна.
Бах өмнө нь гуравдугаар сард олимп зохион байгуулахад том золиос шаардана гэж хэлсэнд цар тахлаас болж олимпийг эсэргүүцэж байсан япончууд мөн л маш ихээр дургүйцэж байсан билээ.
Эх сурвалж: NEXTSHARK
Холбоотой мэдээ