Амралтын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, голын эрэг дагуу байрласнаас болж осол, эндэгдэл гарах нь нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагдуултайн-Ам”-ны хиймэл нууранд хоёр иргэн сэлэхээр ороод живж, амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны 15:52 цагт аймгийн Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 16:40 цагт очиж, тус аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Г /32 настай эрэгтэй/, Н /29 настай эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Улмаар мөн өдрийн 17:00 цагт иргэн Н-ийн цогцсыг нуурын эргээс таван метрийн зайд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна. Харин иргэн Г-гийн цогцсыг долдугаар сарын 13-ны өдрийн 06:15 цагт эргээс 15 метрийн зайд, зургаан метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, хиймэл нуур зэрэгт сэлэхээр орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ