Үзэсгэлэнгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойд зориулан Монгол Цэргийн музейд “Чөлөөлөх дайны ялалт-65” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Тус үзэсгэлэнгийн нээлтэд Хилийн цэргийн удирдах газар болон бэлтгэл хурандаа Г.Ганбат, Монгол Улсын  баатар, хошууч  генерал Д.Гунгаа, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин н.Жалсрай, Р.Лувсанбалдан, П.Шагдарсүрэн,  Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач доктор, дэд хурандаа С.Ганболд нар оролцлоо. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж явсан Монгол-Зөвлөлтийн дайчдын алдар гавъяа, дайны жилүүдийн түүхийг залуу хойч үедээ үнэнээр нь өгүүлж, сурталчилан таниулах, зорилгоор энэхүү үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байгаа аж. Уг үзэсгэлэнд чөлөөлөх дайны үеийн 100 гаруй гэрэл зураг, архивын  баримтууд, тухайн үеийн Бүх цэргийн жанжины орлогч, улс төрийн газрын дарга дэслэгч генерал Ю.Цэдэнбалын өмсөж байсан дүрэмт хувцас, их бууны газрын дарга, хошууч генерал Г.Эрэндоогийн сэлэм, мотомеханикжуулсан долдугаар хуягт бригадын миномёт бууны наводчик Д.Данзанваанчигийн дайны талбарт хэрэглэж байсан 50мм-ийн миномёт,дайны үеийн зэр зэвсэг, эдлэл хэрэглэлүүд мөн цэргийн нэрт уран бүтээлч УГЗ Ч.Батмөнх, С.Дондог нарын уран зураг болон хөрөг зургууд, Монгол Улсын баатрын тэмдгийн анхны загвар, алтан таван хошуу медаль  зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн байна.

Дашрамд сонирхуулахад Орос улсын талаас 1945 оны наймдугаар сарын 9-нд, манай улсын талаас наймдугаар сарын 10-нд дайн зарлаж, чөлөөлөх дайн эхэлсэн бөгөөд Японы Квантуны арми мөн оны оны есдүгээр сарын 2-нд бууж өгөх актанд гарын үзэг зурснаар Монгол-Зөвлөлтийн ялалтаар дуусч, дэлхийн II дайн төгссөн түүхтэй.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж