Хүн худалдаалах хэрэг гарсаар байна

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалах хэрэг гарсаар байна

Улсын мөрдөн байцаах газарт өнгөрсөн сараас эхлэн гурван шинэ нэгжийг бий болгосон байна. Энэ нь Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хүн худалдаалах болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Хар тамхи болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасаг юм. Сүүлийн үед нийгэмд багагүй хэмжээгээр гарч, хүмүүсийн сэтгэлийг түгшээх болсон хар тамхины худалдаа, хэрэглээ, хүн худалдаалах гэмт хэрэг, байгаль орчныг сүйтгэж буй хэргүүдийг тусгайлан мөрдөх болсон нь зөв алхам гэдгийг туршлагатай хуульчид үнэлж байгаа юм. Тиймээс бид УМБГ-ын Хүн худалдаалах болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхбаттай уулзаж ярилцсан юм.

-Хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөх тасаг байгуулагдаад нэг сар болж байгаа юм байна. Энэ хугацаанд энэ төрлийн хичнээн хэргийг илрүүлсэн бэ. Хүн худалдах гэмт хэрэг гарсаар байна гэж байгаа ч энэ төрлийн ял эдэлсэн хүн ховор юм шиг санагддаг?

-Хүн худалдах гэмт хэрэг нийгэмд гарч байгаа нь үнэн. Энэ төрлийн хэрэгт хүүхэд, залуучууд өртсөөр байгаагийн дээр ийм хэрэг үйлдсэн нь тогтоогдож ял эдэлж буй хүн ч байна. Сэтгүүлчид та нар хэд хичнээн хэрэг гарав гэж их асуух юм. Тоон дээр шуугиан дэгдээхээсээ илүүтэй энэ ямар хор уршигтай хэрэг вэ гэдгийг л нийгэмд ойлгуулж өгмөөр байна. Дэлхийн улс үндэстнүүд хамтран тэмцэхээс аргагүй байдалд орсон гурван төрлийн гэмт хэрэг байдгийн нэг нь хүн худалдах гэмт хэрэг юм. Хүн худалдах, хар тамхи мансууруулах бодисын хэргүүд нь орчин үеийн боолчлолын нэг хэлбэр болоод байна. Хэдийгээр тусгайлсан нэгжийг байгуулаад сар болж байгаа ч Монголын цагдаагийн байгууллага өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгаж байсан. Тиймээс ч Монгол Улс НҮБ-ын хүүхэд эмэгтэйчүүдийг худалдахын эсрэг конвенцид нэгдэн ороод байгаа.

-Хүн худалдаалах хэрэг гэхээр хүмүүс гадаад улс орон руу хил дамнуулан үйлддэг хэрэг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл манай улсад дотооддоо ч ийм хэрэг гарсаар байна шүү дээ?

-Тийм ээ, дотоодод ч гарч байгаа. Хүн худалдахын нэг хэлбэр нь биеийг нь албадан үнэлүүлэх явдал ч багтдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд хүн худалдаалах гэсэн тусгайлсан заалт байдаг. Мөн биеэ үнэлэхэд татан оролцуулсан, зохион байгуулсан бол хүн худалдсан гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулинд заасан байдаг. Тэгэхээр энэ бол маш өргөн хүрээтэй ойлголт. Түүнчлэн гадаадад сургуульд сургах, ажиллаж амьдрах болон гадаадын  иргэнтэй гэр бүл болоход зуучлах зэргээс үүдэлтэй хүн худалдаалах гэмт хэрэг олширч байна. Тиймээс энэ төрлийн зарыг хэвлэлд мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа хүмүүсийг бид хяналтанд авсан байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг бол онц хүнд гэмт хэрэгт тооцогддог гэдгийг хүмүүст сануулмаар байна. Хүнийг худалдана гэдэг бол үндсэн эрхийг нь хязгаарлаж байгаа маш жигшүүртэй хэрэг шүү дээ.

-Хүн хүнээ худалдах хэрэг гарч байгаа нь хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг уу. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Хөрөнгө мөнгө гэхээсээ илүү монгол хүний ёс жудаг алдагдаж байгаагийн илрэл гэж ойлгож болно. Хэзээ байтлаасаа монгол хүн хүнээр наймаа хийж байлаа даа. Монголчууд айлаас гөлөг авахдаа хүртэл хадаг барьж, бүү дусааж авдаг заншилтай. Гэтэл элэг нэгтнээ харь оронд худалдаж байгаа нь аймшигтай. Монгол хүн эрх чөлөөгөө эдлэх болсны нэг хэлбэр нь хүн болгон гадаад паспорт авч, хүссэн газартаа чөлөөтэй зорчих эрх эдлэж байгаа. Гэвч харамсалтай нь үүнтэй зэрэгцээд хилийн чанад руу хүнээр наймаа хийх гэмт хэрэг гарах болсон. Хүнийг хил давуулан худалдаалсан хэргүүд гол төлөв шалгагдаж байна. Тиймээс Монголын цагдаагийн байгууллага Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын шугамаар гадаадын цагдаагийн байгууллагатай харилцдаг. Мөн хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хамтран ажилладаг.Түүнчлэн энэ төрлийн хэргийг нийгмийн ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой ч садар самууныг замбараагүй сурталчлах болсонтой ч холбоотой. 

-БНХАУ-ын ихэнх хотуудад монгол охид биеэ үнэлж байгаа талаар мэдээлэл их байдаг. Ялангуяа Эрээн хотод л гэхэд монгол охидыг албадан биеийг нь үнэлүүлж мөнгө олдог бүлэг бий болсон гэж байгаа. Тэгэхээр хүн худалдаалах хэргийг илрүүлэх шугамаар хөрш орнуудтайгаа хамтран ажиллах боломжтой юм байна, тийм үү?

-Хятадын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой. Гэвч нэг хүндрэлтэй зүйл байдаг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг улс дотроо явуулна гэсэн заалт юм. Манай цагдаагийн байгууллага нь Хятадын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр байцаан шийтгэх юм уу баривчлах ажиллагааг явуулж болохгүй гэсэн заалт байдаг нь бидний ажилд бас хүндрэл учруулах нь бий.

-Баар цэнгээний газар, саун, зочид буудлууд олноор бий болсон нь биеэ үнэлэх, албадан биеийг нь үнэлүүлэх, худалдах гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү?

-Баар цэнгээний газар, саун, зочид буудлууд соёлч нийгэмд байх ёстой зүйлийн нэг боловч хэт олширсон нь эргээд нийгэмд сөргөөр нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өсч байгаа нь энэ олон эмийн сан, эм худалдаалах цэгүүдтэй ч бас холбоотой. Ер нь гэмт хэргийн өсөх хандлагыг нийгэмд олширч буй үйлчилгээгээр тодорхойлж, тандаж болдог. Шилжилтийн он жилүүдэд ТҮЦ, жижиглэн худалдаа олширч, түүнийг дагалдаад хулгайн хэрэг олширч,  чанаргүй хүнсний асуудал хөндөгдөж байсан. Харин одоо бол хаа сайгүй зочид буудал, баар, саун байгаа нь хүн худалдах, биеэ үнэлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж