Кубачууд бараг 30 жилийн дараа Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэж, уур бухимдлаа тайлан, эмх замбараагүй байдал үүсгэн жагссаныг гаднын шинжээчид онцолж байна. Тус улсын эдийн засгийн уналт, хоол хүнс болон эмийн хомсдол, үнийн өсөлт, Covid-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байгаа зэрэг нь Кубын ард түмний дургүйцэл бухимдлыг төрүүлж, ийнхүү эмх замбараагүй, үймээн самууны байдалд хүргэжээ.
Кубын мэдээллийн агентлагаас мэдээлснээр, тус улсад болсон үймээний улмаас дор хаяж нэг хүний амь эрсэдсэн байна. Өнгөрсөн Даваа гариг (2021.07.12)-т Гавана хотын Арройо-Наранжо орчмын цагдаа нарт халдсан хэрэгт холбогдсон, 36 настай Кубын иргэн хүнд гэмтсэний улмаас амиа алджээ. Тус агентлагаас мэдээлснээр, Кубын Дотоод хэргийн яам үүнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн тус яамны ажилтнууд эмх замбараагүй байдлын үеэр хэдэн арван жагсагчийг саатуулсныг тус агентлаг мэдээлжээ. DW-д мэдээлснээр, 115 жагсагчийг баривчлан саатуулсан байна.
Жагсагчид байшин барилгуудыг эвдлэн сүйтгэж, чингэлгүүд шатааж, цагдаа нар болон энгийн иргэд рүү хутга, чулуу барин дайрчээ. Энэхүү эмх замбараагүй байдлын улмаас цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч, хууль сахиулах байгууллагын хэд хэдэн ажилтан шархадсан байна.
“BBC” агентлаг Кубад эсэргүүцлийн жагсаал цуглаан дэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тухайлбал, өрнөдийн нийгмийн сүлжээнүүдэд иргэд илүү чөлөөтэй нэвтэрч, тэндээсээ Засгийн газраас өгч буй мэдээллээс илүү өөр мэдээлэл авах болсон нь тийнхүү жагсаал цуглаан өрнөх шалтгаан болсон бололтой.
Өөрөөр хэлбэл Кубын иргэд засгийн газрынхаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэхдээ нийгмийн сүлжээг түлхүү ашиглах болжээ. Тус улсын хүнамын дийлэнх нь залуус бөгөөд тэд “Facebook”, “Twitter”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээ ашигладаг байна. Үүний үр дүнд албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөндөөд байдаггүй сэдвүүдийг мэдээлдэг, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч олноор бий болжээ.
Кубад урт хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямрал, Covid-19 цар тахлын тархалт эсэргүүцлийн жагсаал цуглаан болоход нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Кубад халдварт өвчний хоёр дахь давлагаа дэгджээ. Латин Америкийн орнууд дунд хүн амын тоотой нь харьцуулсан халдварын дэгдэлтийн хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын нэг болжээ. Иймд Кубын иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан олон улсын байгууллагуудад хандан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Цар тахлын улмаас тус улсын эдийн засгийн чухал салбар болох аялал жуулчлал зогсонги байдалд оржээ. Сүүлийн саруудад Кубад инфляци өсч, цахилгаан тасрах тохиолдлууд нэмэгдсэнээс гадна хоол хүнс, эмийн бүтээгдэхүүний хомсдол нүүрлэсэн аж.
Кубын телевизээр энэ сарын 11-ний өдөр мэдээлснээр, олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал нийслэл Гаванагаас 26 км-ын зайд орших Сан-Антонио-де-Лос-Банос хотоос эхэлж, орон даяар өрнөжээ. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель тус хотод очиж, эрх баригчдыг өдөөн хатгасан үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд гудамжинд гарахыг Кубын хувьсгалыг хамгаалагчдад уриалсан байна.
ВВС-д мэдээлснээр, Кубын 20 орчим хотод өнгөрсөн долоо хоногийн Ням гариг (2021.07.11)-т мянга мянган иргэн гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид "Эрх чөлөө", "Дарангуйллын дэглэм сөнөтүгэй" хэмээн хашгирч, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Даваа гаригт “Америкийн засаг захиргаа Кубын эрх баригчдад хандан жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэж мэдэгдэв. Тэрбээр “Кубын ард түмэн дарангуйлагч дэглэмээс эрх чөлөө шаардаж байна. Бид иймэрхүү эсэргүүцлийн жагсаал цуглааныг сүүлийн хэдэн жил харж байсангүй. Үнэнийг хэлэхэд, хэзээ ч харж байгаагүй гэхэд хилсдэхгүй" гэжээ. Байден “АНУ эрхээ эдэлж буй Кубын ард түмэнтэй хамт хатуу зогсоно. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тэдний сайн сайхны төлөө үйлчлэхийг бид Кубын Засгийн газарт уриалж байна" гэж нэмж хэлсэн байна.
Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Ням гаригт телевизээр үг хэлэхдээ бослого үймээний ард АНУ байгаа гэж мэдэгдсэнийг АНУ-ын эрх баригчид няцаасан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Энэ бол ноцтой алдаа" гэж мэдэгджээ.
Ажиглагчид Кубын иргэд бараг 30 жилийн дараа Засгийн газраа эсэргүүцэн жагсаал цуглаан хийж буйг онцлоод, ЗХУ задран унасны дараа 1990-ээд оны эхэн үед нүүрлэсэн хямралаас хойших эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хамгийн гүн хямралд ард иргэд нь туйлдсантай холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Нэг хүний амь үрэгдсэний дараа кубачуудын жагсаал цуглаан өндөрлөсөн ч тэднийг бухимдуулж буй асуудлууд хэвээр үлджээ.
Эх сурвалж: BBC, DW, TASS, REUTERS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ